Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ)-ын дарга А.Нарантуяаг цагдан хорих саналыг хууль сахиулах байгууллагаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон ч дээд шатных нь шүүгч уг захирамжийг хүчингүй болгожээ. Улмаар түүнийг энэ сарын 5-нд батлан даалтад гаргасан байна. Ингэхдээ бага хэмжээний хохирол учруулсан болохоор хорьж шалгах шаардлагагүй гэж шүүх үзсэн гэнэ.
НМЭГ-ын дарга А.Нарантуяаг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгаад буй. Тодруулбал, ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулж, 40 сая төгрөг завшсан, өөртөө давуу байдал бий болгосон хэмээн НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа билээ. Ийнхүү хохирлын хэмжээ нь бага гэж өөгшүүлж, үл ялих зүйлээр шалтаглан хэргийг нь шийдвэрлэхгүй, буцаасаар байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, авлигын хэрэгт холбогдогчид ял завших нөхцөл ч бүрдэж болзошгүй.
Монголын нийгэмд өнөөдөр тулгамдаж буй хамгийн хүнд бэрхшээл, зовлон бол авлига, хүнд суртал. Авлигаас үүдэж улс орны хөгжил урагшлахгүй, эдийн засаг ч дээрдэхгүй, үндэсний аюулгүй байдалд ч хор хохирол учруулсаар байгаа билээ. Гэвч шүүх энэ мэтээр авлигачдын толгойг илсээр. Энэ нь авлигатай хийх монгол төрийн тэмцэл үр дүнд хүрэхгүй байх нэг үндсэн шалтгаан гэхэд хилсдэхгүй. Албан тушаалтнуудын үйлдсэн нэг гэмт үйлдлийг тогтоохын тулд мөрдөгч, шинжээч, прокурорууд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, зардал гаргадаг. Гэтэл тэдний бэлтгэсэн бэлэн “хоол”-ыг идэж, алх цохиж шийдвэр гаргадаг, авч буй цалингаараа улсдаа дээгүүрт ордог шүүгч нар дээрх байдлаар авлигачдыг өөгшүүлсээр байгаа нь харамсалтай.