Эх орондоо мансууруулах бодис борлуулсан хэрэгт холбогдоод хилээр гарч Испанид очоод байсан Ц.Одцацрал гэх эмэгтэйг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд, прокурорын байгууллагынхны хамтын ажиллагааны хүрээнд дээрх улсад байгааг нь тогтоосон байдаг. Улмаар Интерполд хандсанаар тус улсын хууль сахиулагчид түүнийг саатуулан манай талд хүлээлгэн өгсөн билээ. Түүнд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. НПГ-аас Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны тавдугаар сард шилжүүлсэн юм. Тэрбээр мансууруулах бодис худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэдэг залууд олон сая төгрөгөөр борлулсан хэрэгт холбогдсон байдаг. Түүнээс мансууруулах бодис худалдан авсан Ё.Хуланд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр Ц.Одцацралаас авсан мансууруулах бодисоо дээрх дүүрэгт байрлах “Kh апартмент” орон сууц дахь нэгэн байранд хадгалж, 2-3 иргэнд өгсөн хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн юм. Түүнд хар тамхи олон сая төгрөгөөр худалдсан, тухайн үедээ нэгэн гоо сайхны салонд ажиллаж байгаад хил давж явсан учраас Ц.Одцацралын хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчинхорол нэг гэрчээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай хэмээн хоёр дахь удаагаа буцаасан юм. Прокурорын эсэргүүцлийн дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа хэлэлцүүлэхээр шийдвэрлэж буй нь энэ.
Ташрамд дурдахад, Ц.Одцацралын нөхөр нь олон улсын шуудан илгээмж ашиглан, Европын орнуудаар дамжуулан мансууруулах бодис Монгол руу илгээдэг хэргийн нэг гол сэжигтэн Анужин гэх залуу билээ.