Улаанбаатар өчигдөр дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тавдугаарт жагслаа. НҮБ-ын “Хабитат”, “Грийнпийс”, Байгаль орчны хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд бий болгосон iqair.com цахим хуудсанд өчигдөр 17.00 цагийн үед ийнхүү мэдээлэв. Уг цахим хуудсанд мэдээлснээс үзэхэд манай нийслэлээс гадна Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт агаарын чанар муудсан байлаа. Улаанбаатар хотод бол Нисэх, Толгойт, Зурагт, Амгалан, Баянхошуунд утаа их байв. Бохирдлын үзүүлэлтүүдээс үзэхэд, PM2.5, PM10 буюу нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрын агууламж хүлцэх хэмжээнээс давж, анхааруулах түвшинд хүрчээ. Галлагааны улирал дуусаж, нийт нутгаар дулаарсан атал агаарын чанар ийнхүү муудсан нь Сибирийн түймрийн утаа манайд орж ирсэнтэй холбоотой гэж цаг уурчид тайлбарласан юм. Тиймээс нийслэл болон дээр дурдсан гурван аймагт агаарын бохирдол ихэсжээ. Хойд хөршийн Эрхүү, Красноярскт ойн түймэр дэгдээд буй билээ. Дээр дурдсан iqair.com цахим хуудсанд мэдээлснээр бол манай нийслэлд агаарын бохирдол өнөөдөр ч их байх бөгөөд маргаашаас хэвийн болох төлөвтэй гэнэ. Ташрамд дурдахад, уг цахим хуудсаар дамжуулан дэлхийн агаарын чанарын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэдэг бөгөөд 90-100 хотыг бохирдлын түвшнээр нь жагсаадаг.
Бэлтгэсэн: М.ОЧ