Зурхайчид XVII жарны усан бар жилийн өнгийг шинжихдээ илүү сартай зун тохионо хэмээн хэлж байв. Энэ ёсоор зуны эхэн сар хэдийн талдаа оржээ. Хаврын улирлын адаг төгсгөлийг “хашдаг” уламжлалтай тавдугаар сар ийнхүү зуны эхэн илүү сар болж дэвшээд байна. Билгийн тооллоор бол зуны эхэн илүү сар дуусахад 12 хоног үлдэв. Үүнээс 20 гаруйхан хоногийн дараа нар буцах нь. Гэтэл Монгол орны нийт нутгаар сэрүүн, говь, талын бүсэд салхитай, Алтай, Хангайн уулархаг хэсэгт бороо, нойтон цас холилдон орсон зэврүүн, эгээ л хаврынх гэмээр “олон ааштай” өдрүүд үргэлжилсээр. Тавдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй, дийлэнх газарт дунд болон муу үзүүлэлттэй байв. Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн цөөн сумд мал бэлчээх боломжгүй байгааг цаг уурын байгууллагынхан мэдээлсэн юм.
Цаг улирлын онцлогоор бол зуны эхэн сард байгаль дэлхий өнгө засаж, өвс ногоо дэлгэрэн, амьд бүхэн тэнхэрч, сэргэдэг. Гэтэл энэ зүй тогтол алдагдав. Тавдугаар сарын эхний 10 хоногт нийт нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 1.1-4.8 градус байсан гэж цаг уурчид мэдээлсэн ч бодит байдал зөрөв. Өнгөрсөн долоо хоногт говийн аймгуудын өмнөд хэсгээр шөнөдөө хасах таван градус хүрч хүйтэрсэн. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутагт салхи секундэд 18-20, зарим үед 24 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл, Булган зэрэг төвийн болон баруун аймгийн уулархаг хэсэгт нойтон цас орж, малчдыг сандаргалаа. Тэрчлэн хүйтэн сэрүүн уур амьсгал зонхилж буй учраас газар тариалангийн ажилд тэр хэрээр хүндрэл учрав. Цаг агаарын тогтворгүй байдалд хууртаж хаширсан иргэд зузаан хувцаснаасаа хэзээ салахаа мэдэхгүй, гайхширч байна. Хүмүүс ч өөрийгөө хавар гэж эндүүрсэн зун гэж хошигнох боллоо. Зарим нь “Хэн нэг нь Монголын зуныг зарчихаж” хэмээн маазрах аж. “Энэ зун дотуур өмд, дулаан хувцаснаас салалтгүй шүү” гэж зөвлөх, сэрэмжлүүлэх хүмүүс ч байх.
ЦАГ УУРЧДЫН ТООЦООЛОЛ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийнхэн зургадугаар сараас наймдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Зуны ихэнх үед Алтайн уулархаг нутгаас бусад бүсэд олон жилийн дундаж (1991-2020 хоорондох хэмжигдэхүүний дундаж утга)-аас дулаан байх төлөвтэй гэнэ. Ялангуяа Монгол орны зүүн хойд хагаст хуурай, халуун уур амьсгал зонхилох бөгөөд зарим үед хэт халж болзошгүйг дурджээ. Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн аймгуудад зургадугаар сард хур тунадас ахиу орох магадлалтай тул үер усны гэнэтийн аюулаас болгоомжлохыг сануулав.
Зургадугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нийт, Баянхонгорын ихэнх, Өвөрхангай, Дорноговь, Дундговийн өмнөд нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 6-22 градус, бусад бүсэд үүнээс дулаан байх нь. Хур тунадасны нийлбэр үзүүлэлтээр Баян-Өлгий, Баянхонгор, Өмнөговийн нийт нутаг, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Төв, Хэнтий, Дорнодод дундаж байна гэж тооцоолжээ.
Долдугаар сард цаг агаар ихэнх нутгаар 14-26 градус дулаан байх төлөвтэй гэнэ. Харин Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг баруун аймагт сэрүүвтэр уур амьсгал зонхилох нь. Энэ сард Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим хэсгээс бусад газарт хур тунадас олон жилийн дунджаас бага орох аж. Аялж зугаалахад хамгийн тохиромжтой нь долдугаар сар гэж цаг уурчид онцолжээ.
Наймдугаар сард агаарын температур өмнөх сарынхаас аажмаар буурч, сэрүүсэх нь. Наадмын дараа намар гэдэг шүү дээ. Гэсэн ч олон жилийн дунджаас хэлбийхгүй, 8-24 градусын хооронд “заах” төлөв гарчээ. Сарын нийлбэр хур тунадасны хэмжээ Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарт дунджаас бага, бусад нутагт хэвийн хэмжээнд байх нь.
ЭСРЭГ ҮЗЭГДЭЛ
Цаг уурчид ирэх саруудын өнгийг ийнхүү дулаанаар зураглав. Гэхдээ үүнд бүрэн итгэж болох, эсэх нь эргэлзээтэй. Учир нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр байгаль, цаг уурын байдал жилээс жилд тогтворгүй болж, улирлын онцлог шинж, зүй тогтол, хил хязгаар алдагдсаар буйг судлаач, эрдэмтэд хөндсөөр байна. Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа больсон, Монгол өвөл, зун гэсэн хоёрхон улиралтай болсон гэсэн яриа гарсан нь ч учиртай. Зуны эхэн сар талдаа орсон атал жиндүү, салхитай, бүүдгэр өдөр олон тохиож байгаа нь ч үүнтэй гарцаагүй холбоотой. Салхитай өдрийн тоо ч эрс ихэссэн гэж хүмүүс ярих болсон.
Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар авахаар Цаг уур, орчны шинжилгээний газарт хандахад “Энэ чиглэлээр тусгайлан хийсэн судалгаа байхгүй. Зуны агаарын температур, хур тунадасны нийлбэр хэмжээ, гангийн үнэлгээг жил бүр гаргадаг. Одоо гангийн үнэлгээ хийж байна. Урьдчилсан прогнозыг ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ ашиглан гаргадаг учраас зөрөх тохиолдол бий. Ялангуяа сар, улирлаар буюу урт хугацаагаар тооцоход. Ойрын өдрүүдийнх нь илүү бодитой байдаг” гэсэн юм.
Дэлхийн дулаарал Монголд илүү эрчимтэй явагдаж байгааг судлаачид тогтоосон. Манай орны агаарын температур 1940 оноос хойш 2.1 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас даруй гурав дахин өндөр үзүүлэлтэд тооцогдож буй. Тийм байтал цаг агаар яагаад хүйтрээд байна вэ. Эсрэгээрээ хэт халах ёстой биш бил үү. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор Б.Гантулга үүнийг цэвдэгтэй холбож тайлбарласан. Тэрбээр “Монгол орны нутаг дэвсгэрийн 29.3 хувьд цэвдэг ямар нэг хэмжээгээр тархсан гэж үздэг. Энэ нь бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт. Үүнээс үүдээд өвөл хүйтний эрч эрт харьж, зун сэрүүсэх болсон. Анзаарсан бол зун нүд ирмэхийн зуур өнгөрч, цөөн хоног хэт халж байгаа. Агаарын температур хүйтэн, халууны хоёр туйл руу савчиж байна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Тодруулбал, дэлхийн дулаарал, цэвдгийн эрчимтэй алдрал улирлын шинж төрх алдагдахад нөлөөлж буй хэмээв.
УРТ ХАВРЫН УРШИГ ЗУНД
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ОБЕГ хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд бүтээсэн баримтат кинонд судлаач С.Дамбий “Хавар уртсаж, зун аажуу ирсэн тохиолдолд зургадугаар сараас наймдугаар сард хүчтэй салхи шуурга дэгдэх, аадар үе үе орох нь элбэг” хэмээгээд, үүнийг байгалийн шинжлэх ухаан талаас тайлбарласан нь анхаарал татав.
Сүүлийн жилүүдэд зун хүчтэй аадар цутгах нь яалт ч үгүй олширсон. Хэсэгхэн зуурт орсон бороо их хэмжээний хохирол учруулах тохиолдол бишгүй. Байгаль, цаг уурын өөрчлөлтийг соргогоор анзаарсан, ялангуяа настай хүмүүс “Шиврээ бороо шаагин оролгүй удлаа” гэж ярих болсон. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв “Зуны хур тунадасны 80 хувь нь шиврээ, үлдсэн нь аадар хэлбэрээр ордог байсан нь эсрэгээрээ болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө Монголд зун түлхүү ажиглагдаж, илэрч буй” гэж ярьж байлаа. Тэрчлэн зун шороогоор шуурах, хавсарга тавих тохиолдол хаа сайгүй.
Уржигдархан “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна” гэж мэдээлсэн цаг уурчид өчигдөр “Тал, хээрийн нутгаар хуурай салхи ихтэй байх тул малчид, иргэд, тээвэрчид болзошгүй аюулаас сэрэмжилнэ үү” гэж анхааруулав. Уржигдар нийслэлд өдөртөө 19-21 градус дулаан гэж мэдээлсэн ч нимгэн хувцастай явахааргүй жиндүү байлаа. Өчигдөр ч ялгаагүй. Агаарын температур 20-ийг заасан ч сэрүүн, салхитай, бүрхэг өдөр тохиов. Энэ бүхэн зуны шинж төрх, уур амьсгал хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулж байна. Тэгэхээр айсуй зуны араншинг ганц агаарын температурын тоогоор хэмжиж, дүгнэх нь өрөөсгөл аж. Тийм гэж тодорхойлохын аргагүй, “зүс буруу” зун айсуй.