Монгол угсаатны үнэт зүйлс, зан заншил, соёлын өвийг сурталчлан таниулах зорилготой “Тэнгэрийн нүүдэлчид” төслийн залуус зургаа дахь аймагтаа хөл тавиад байна. Тэд 21 аймгийг мориор тойрохоор 2021 оны аравдугаар сараас бэлтгэлээ базааж, өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Улаанбаатар хотоос аяллаа эхлүүлсэн юм. Үүнээс хойших 95 хоногийн хугацаанд 2000 орчим км зам туулан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговьд очжээ. Аяллын багт тайга нохой, анч бүргэд, харцага шувуу зэрэг нүүдэлчдийн амьдрал, өв соёлд чухал байр суурь эзэлсээр ирсэн амьтдыг багтааж буй гэдгийг төслийнхөн онцлов. Залуус өнгөрсөн амралтын өдөр Говьсүмбэрт саатахдаа “Боржигон өв” музей, “Боржигон голомт” жуулчны баазад зочилж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад монгол угсаатны тухай хичээл заан, нутгийн настнуудтай уулзаж, өв соёлын нэвтрүүлэг бэлтгэсэн бол өчигдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумд хүрчээ. Энэ санаачилгыг Монголын үндэсний морьт харвааны холбоо, монгол банхар, тайга нохой үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мянган найз” групп дэмжин ажиллаж байгаа аж.