Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайванд холбогдох бас нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэрбээр иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон, мансууруулах бодистой холбоотой хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Үүнээс өмнө тэрбээр эрүүгийн нэг бус хэрэгт холбогдон шалгуулсан. Тухайлбал, тэрбээр удирдлагадаа ажилладаг шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулж, “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд нэгэн дуучныг аргагүй байдалд оруулж, хахууль авсан гэм буруутайг нь шүүх тогтоосон билээ. Мөн “Шүрэн” ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны улмаас уг компаниас төлбөр авагч иргэн С 522 сая төгрөгөө авах боломжгүйд хүрч, шүүхийн шийдвэр биелэхгүй болгосон хэрэгт буруутгагдсан байдаг. Эдгээрээс гадна Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдон, гэм буруутай, эсэхийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэхээр зарлаж байсан юм. Гэвч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнгөрсөн.
Дээрх хэргээс гадна АТГ-ынхан хоёр ч сумын Засаг даргад холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, 2018 оны долдугаар сарын 18-нд гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган мөрдөн байцааж дууссан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Шаамарын Засаг дарга Ф.Серикболыг тус сумд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирлыг дарамтлан, “Компанийн үйл ажиллагааг нь зогсооно” гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулж 2021 оны тавдугаар сарын 30-нд таван сая төгрөгийн хахууль авсан, 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд сумын ЗДТГ-ын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэгэн компанид хүчээр борлуулж, мөнгийг нь хувьдаа завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.