Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр, цэргийн хувцасны “Бөртэ” үйлдвэрийн урд талд барилгын хашаа нурснаас зарим оршин суугч гэртээ орж чадахгүйд хүрсэн гэнэ. Тухайн хэсэгт байрладаг 22 дугаар байрны оршин суугчид, “Олонлог эгзэ” сургуульд хүүхдүүд нь сурдаг эцэг, эхчүүд үүнийг эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тэдний төлөөлөл “Энд барилга барих гээд газар чөлөөлж байгаа бололтой. Мэргэжлээс шалтгаалах өвчний төв барина гэж сонссон. Явган хүний замгүй, үндсэндээ ямар ч зайгүй шахам газарт барилга барихыг эсэргүүцэж байна” гэсэн юм. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас үүний талаар “Барилга буулгах гэж л түр хашаа татсан. Уг ажил дууссан учир хашааг буулгаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулсан” гэсэн товч мэдээлэл өгөв.