Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Өмнөх зөвлөгөөнөөс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт нь 80.8 хувьтай байгаа гэнэ. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлуудтай холбоотойгоор газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тодруулбал, 2021-2022 он дамжин хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнхийг нь бүрэн дуусгаж, 10 нь дуусах шатандаа оржээ. Харин энэ оны ажлаас үүдэн 62 байршилд газар чөлөөлөхөөс 12-ыг нь эцэслэсэн байна. Мөн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, үүнд 1092 аж ахуйн нэгжийн 1700 гаруй ажилтан хамрагдаж, байгууллагынхаа ойр орчмыг цэвэрлэн, 105 тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хаяжээ. Түүнчлэн ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 77 га талбайд цэвэрлэгээ хийжээ. Харин Хот тохижилтын газрынхан 52.9 га талбайг арчилж, цэвэрлэсэн байна.
Үүнээс гадна дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг энэ сарын 20-ны дотор ажиллуулахыг үүрэг болгосон. Тэгвэл нийт 31 усан оргилуурын засвар, шинэчлэлийн ажил 30-75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн барилга, байгууламжтай холбоотой өргөдөл хамгийн олон буюу 12 хувийг эзэлжээ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажил сайжирч байгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга онцлов. Мөн хүүхдийг эрсдэлээс хамгаалах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгааг дүүргүүдийн удирдлага хэлж байсан ч дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж буйг тэмдэглэлээ.
Инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл өгсөн. Тэрбээр “Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь саарал ус ашиглах насос, тоног төхөөрөмж суурилуулсан. Бүх байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьсан ч хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж буй” хэмээсэн. Хотын дарга үүнийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, шаардлагатай бол журам гаргах, эсэхийг судлахаар болов.
Түүнчлэн Төмөр замын 1000 машины зогсоол дээр хүнсний ногооны худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Түргэн хоолны цэг байгуулахтай холбоотой гурван стандарт бий. Бид эдгээрийн талаар аж ахуйн нэгжид заавар, зөвлөгөө өгч, зөвлөн туслах боломжтой. Төрийн бус байгууллагынхантай уулзаж, стандарт батлахаар ажиллаж байгаа” хэмээв.
Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Болзошгүй гамшгийн үед түр орон байраар ашиглаж болох 631 газрыг судалж, сонгосон. Орц, гарц, эрүүл ахуйн байдлыг судалж ажиллахаар төлөвлөгөө гаргалаа” гэлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Д.Сумъяабазар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Мөн худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлэхийг анхааруулсан юм. Энэ өдөр тэрбээр Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзав.