Улаанбаатар хотод орон сууцын үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 19.7, өмнөх сараасаа 0.7 хувиар өссөн дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Дээрх хугацаанд шинэ орон сууцын нэг ам метрийнх нь үнэ дунджаар 3.2 сая төгрөгт хүрчээ. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.48 сая төгрөг байсан аж. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт 3.39, Баянголд 2.89, Чингэлтэйд 2.69, Баянзүрх болон Сонгинохайрханд 2.56 сая төгрөг байжээ. Өнгөрсөн сард хуучин орон сууцын нэг ам метрийн үнэ дунджаар 3.01 сая төгрөг болсон байна. Сүхбаатар дүүрэгт уг дүн 3.9 сая төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдов. Эл хугацаанд Чингэлтэйд дээрх үнэ 3.65, Хан-Уулд 3.37, Баянзүрхэд 2.82, Баянголд 2.73, Сонгинохайрханд 2.32 сая байсан гэнэ.