Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,
- Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах.
- Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас СӨХ-ны дээд зөвлөлтэй хамтран дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Үүнд:
- Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц, гарц хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх.
- Түргэн тусламж болон гал унтраах автомашин хороолол руу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах.
- Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах.
- Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах.
- Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ, “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.
- Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг ханган, хяналт тавьж ажиллах.
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллахыг тус тус үүрэг болгов.