Дүүргийн удирдлагууд хүүхдийг эрсдэлээс хамгаалах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа ч дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байгааг онцолж байв. Мөн гарааш чөлөөлтийн ажлууд эрчимтэй үргэлжилж байгааг хэлж байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян зохион байгуулж, эрсдэлтэй газруудаа тодорхойлон, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан. Хог хаягдлын хувьд хүний нөөц хомсдож, машин, техник эвдэрч байна. Ачигч, жолооч нар барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өндөр цалин амласан газар ажиллаж байгаа. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслангийн бүсэд хогийн цэг үүсэж байна. 500 гаруй хашаа, хайсыг буулгаж, ногоон хайс тарах ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд ТҮЦ байгуулж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг ч хэлж байлаа. Хотын дарга бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа хэдий ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж болохгүй гэдгийг тодотгов.