Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНХАУ-ын Чунчин хотын дарга ноён Ху Хэнхуатай цахим уулзалт хийлээ. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар, Чунчин хотын дарга Ху Хэнхуа нар “Улаанбаатар хот болон Чунчин хотын хооронд Ах дүүгийн харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Чунчин хот нь БНХАУ-ын мужийн статустай засаг захиргааны нэгж, улсын зэрэглэлийн төвд шууд захирагдах дөрвөн хотын нэг, үндэсний төв, мега хот юм. Ах дүү хотын харилцаа тогтоосноор хотуудын хамтын ажиллагаа олон салбарт өргөжих төдийгүй хоёр улсын хөгжил, найрсаг харилцаанд тодорхой хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Уулзалтын үеэр Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улс болон БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны амжилт ололтуудыг онцолж, “Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж буй явдал нь манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн түүхэн ач холбогдолт арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Чунчин хотын дарга Ху Хэнхуа хэлэхдээ тус хотын олон улсын тээвэр, ложистикийн давуу талд түшиглэж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, био эмийн үйлдвэрлэл, цахим технологи, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцоллоо. Түүнчлэн соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд оюутан солилцоог өргөжүүлэх, хамтарсан эрдэм, шинжилгээний хурал, соёл, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой талаар дурдав.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жан Мүшин, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Н.Туяацэцэг зэрэг албаны хүмүүс оролцлоо.