Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр "АНЗААР" аян, арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтан алба хаагч, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, ахлах ангийн эцэг эх, асран хамгаалагч нийт 6500 гаруй хүнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн үр дагавар” сэдвээр танхимаар сургалт хийжээ. Мөн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "АНЗААР" аян, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.