Ерөнхийлөгчийн тухай хуулиа шинэчилье. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүдийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас хойш тодорхой хугацаанд намын гишүүнчлэлээ сэргээх, эсвэл нам байгуулах гэх мэтээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг нь хориглоё.
Уг нь ийм агуулгатай хуулийн төсөл боловсруулсан сураг нэлээд эрт дуулдсан. Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл нам байгуулах, намд гишүүнээр элсэхийг хориглоно” гэж тусгаад буйг өдгөөгөөс жилийн өмнө буюу өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үеэр шуугьж байв.
Тэгж яривал 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш л Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх талаар ярьж, УИХ-ын ээлжит чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтааж ирсэн ч энэ төсөл сураг алдарсан. Өнөөдөр ч Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд, олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төслийн жагсаалтад байж л байна. Иймд энэ хуулийг шинэчлэх хүсэл эрмэлзэл бий, эсэхийг нь эрх баригчдаас асуумаар байгаа юм.
Учир нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас хойш тодорхой хугацаанд улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг нь хориглоё гэж өнгөрөгч сонгуулийн үеэр хамгийн их ярьсан хүмүүс нь Ардын намынхан. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн улмаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон тул эрх баригчид “нөөц төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэх шаардлагагүй болсон байж мэднэ. Сануулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2 буюу нэр дэвшигчид тавих шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байхыг хуульчлалгүй орхигдуулсан гэж үзсэн нэр бүхий иргэд Цэцэд хандсан байдаг. Нарийвчлан хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг ойлгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалтыг зөрчсөн гэж Цэц үзсэн учраас Х.Баттулга нэрээ дэвшүүлж чадаагүй. Магадгүй Цэцийн шийдвэр түүний “тал”-д гарсан бол эрх баригчид Ерөнхийлөгчийн тухай хуулийг ингэж удаан даралгүй, баталчих байсан биз. Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл нам байгуулах, намд гишүүнээр элсэхийг хориглоно” гэх заалттай Ерөнхийлөгчийн тухай хуулийг баталснаар Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх ээлжит “төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэх байсныг үгүйсгэх аргагүй.
Гэвч ямар азаар Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшиж, дахин сонгогдчихоогүй юм бэ гэх бодол одоо олон хүнд төрж байх шиг. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ сарын 9 буюу Ялалтын баярын өдөрт зориулан ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн нь түүнийг “шүүх” нэгэн шалтгаан болов. Дөнгөж өмнөх өдөр нь ОХУ-ын Элчин сайдын яамнаас дайныг илтэд дэмжсэн парад зохион байгуулсан хэмээн монголчууд эсэргүүцэж, Элчин сайдыг нь эх орноосоо хөөхийг хүртэл зарим нь шаардаж байхад Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний эл үйлдэл илүүтэй анхаарал татсан юм. Түүнийг Оросын гар, хөл гэж харддаг нь шинэ зүйл биш ч нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл твиттерт “Х.Баттулга ардчиллын эсрэг, Путиний Баттулга болсон гэдгээ зориуд зарлаж байна!” гэж жиргэсэн байх жишээтэй. Хөшөөнд өргөсөн цэцгэндээ “Ардчилсан нам” гэсэн тууз зүүсэн нь ч хүмүүсийн эгдүүцлийг илүүтэй төрүүлэв. Олон сая хүний амийг авч одсон дэлхийн II дайнд ялалт байгуулсан ОХУ өдгөө өөрөө түрэмгийлэл үйлдэж буйг нь дэлхий нийт, тэр дундаа ардчилсан дэглэмтэй улс орнууд зүгээс зэмлэн, буруушааж байгаа. Ийм үед Азидаа ардчиллаараа үлгэр жишээ гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өдгөө АН-ын даргаар тодроод буй Х.Баттулга ийм үйлдэл хийхгүй байж болох л байсан.
Тэгээд ч АН-ын хагарал, хуваагдлын нэг талд нь тэр байгаа нь оргүй биш. Тэрбээр өнгөрсөн сард намын даргын сунгааны санал хураалтад өрсөлдөгчгүйгээр оролцож, олонхын дэмжлэг авсан бөгөөд өдгөө АН-ын удирдлагаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлээд буй. Ер нь тус нам дахь Х.Баттулгын байр суурь, тэнд ил, далд өрнөж ирсэн, болох, болохгүй олон зүйлийн ард түүнийг бий гэх хардлага Ерөнхийлөгчийн өнгөрөгч сонгуулийн дараа хүчтэй, ил тод болсон билээ. Улмаар АН-ын хагарал ч гүнзгийрч, дарга, тамга, байр нь хүртэл хоёр талд гарч, хүч нь тарамдсаар байна. Тиймээс л Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүдийг Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дууссанаас хойш тодорхой хугацаанд улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг нь хориглоё гээд байгаа юм.
Ганц Х.Баттулгаас болж ийм өөрчлөлт хийе гээд байгаа юм биш л дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үүнээс өмнө ийм үйлдэл хийж, Ардын намынхныг арваад жил сандаргасан түүхтэй. Магадгүй өнөөгийн эрх баригчид түүнээс сургамж авч, Ерөнхийлөгчийн тухай хуульд дээрх хязгаарлалтыг тусгахаар сэдсэн байж ч мэднэ. 2009 оны зургадугаар сард Ерөнхийлөгч Н.Энхбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан. Хоёр жилийн дараа тухайн үеийн МАХН, өнөөгийн МАН 90 жилийн ойгоороо уугуул нэрээ сэргээх нь тэр. Үүнтэй хамт Н.Энхбаяр МАХН нэрээ авч, туурга тусгаарласан бөгөөд Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгууль хүртэл улс төрийн хүрээнд элдэвтэй бүхнийг хийж, самарч, будилуулж байсан гэхэд болно. Эцсийн мөчид УИХ-ын сонгуульд нэг тойрогтоо нэг бус удаа өвдөг шороодсон хүүгээ шууд нэр дэвшүүлэх болзолтойгоор Ардын намынхантай гар барьж, өөрт нь итгэж 10 орчим жил аялдан дагасан гишүүд, дэмжигчдээ “жийж”, МАХН-ыг татан буулгасан. Энэ хугацаанд урвалт, гүтгэлэг, Үндсэн хуулийн суурь зарчим, ардчиллын эсрэг олон зүйлийг тэр ярьж, үзүүлж байсан ч түүнд итгэж, дэмжих хүмүүс байсаар л байсан юм.
Юутай ч Ардын намынхан, өнөөгийн эрх баригчид Х.Баттулгыг нэрээ дэвшүүлэхэд нь саад хийх гэж л энэ хуулийн төсөл, дээрх заалтыг санаачлаагүй юм бол одоо үүнийгээ УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлбэл яасан юм бэ. Улс төрийн өөр, ямар нэгэн тохироо, ашиг хонжоо хайгаагүй л бол Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэтэрхий удаан дарлаа, одоо хангалттай. Үүнээс гадна өөр олон зохицуулалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хүлээгдэж буйг та бүхэн юу эс андах билээ.
Хамгийн гол нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Ерөнхийлөгчийн тухай хуульд бүрэн эрх нь дуусгавар болсны дараа тавих хориг, хязгаарлалт огт байхгүй. Угтаа Монголын төрийг тэргүүлж, нийт ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болж байсан хүмүүсийг Ерөнхийлөгч хэмээх албан тушаал нь хүмүүжүүлж, ажлаа өгснийх нь дараа ч дагаж, дарж явах учиртай. Зөвийн үлгэрлэл болж, гайхуулахгүй ч, муугийн дуурайл байж, баалуулах үйлдэл гаргуулахгүйн тулд хуульд энэ мэт хориг, хязгаарлалтыг гарцаагүй тавихаас аргагүй болж байх шиг.
23 дугаар зүйл.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт
23.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
23.2. Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
23.3. Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
23.4. Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
Ерөнхийлөгчийн тухай
хуулийн төслөөс