Ж.СУВДМАА
Тураг гогой буюу хар галуу гэж үйлтэй амьтан аж. Жил жилийн өдийд нүүдлийн шувууд ирэхтэй зэрэгцээд түүний талаар үндэслэлгүй, худал мэдээлэл түгээж, “алан хядах ажиллагаа”-нд уриалагч эрс олшрох юм. Гол, нуурын экосистемийг доройтуулж, загасны нөөцийг бардаг л гэнэ. Нэг тураг гогой өдөрт 45 кг загасаар хооллодог юм байх. Барууны орнуудад эл шувууг нисдэг харх хэмээн нэрийдэж, өчиггүй хороодог гэх.
Өгий, Тэрхийн цагаан, Бөөнцагаан, Харус, Буйр, Хяргас, Улаагчны хар зэрэг нүүдлийн шувуудын өлгий болсон нуур энэ жигүүртний хор хөнөөлөөс болж доройтож, загасны нөөц нь эрс багассан гэлцэх. Яг ийм мэдээлэл жил бүрийн хавар олон нийтийн сүлжээгээр нэг тархаж, эрдэмтэн, судлаачид, иргэд хоорондоо талцан хэрэлдсээр багагүй хугацаа өнгөрлөө. Хачирхалтай нь, ийм мэдээллийг голдуу байгаль орчны салбараас хол, мэргэжлийн бус хүмүүс түгээж, түүнийг бусад нь дэвэргэдэг. Харин амьтан хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд, шувуу судлаачид үүний эсрэг байр суурь дээр бат зогссоор ирсэн. Ганцхан жишээ дурдахад, Монголын шувуу хамгаалах төвийн судлаач Г.Амархүү ийнхүү ярьсан юм. “Хүмүүс сүүлийн үед энэ зүйлийн шувуу эрс олширсон, тоо толгойг нь зохистой хэмжээнд барих ёстой гэж ярих болсон нь учир дутагдалтай. Тураг гогой хэзээнээсээ л элбэг байсан. 1950, 1960-аад оны үед Герман, Оросын судлаачдын хамтарсан экспедицийнхэн үүнийг тогтоосон байдаг. Одоо энэ шувуу хүмүүсийн анхааралд өртөөд байгаа нь мэдээлэл нээлттэй болсонтой, загасчлагч олширсонтой холбоотой. 1950-иад оны үед Буйр нуурт хар хөшиг татсан мэт олон тураг гогой нутагладаг байсан гэлцдэг. Гөрөөчин амьтны тоо толгой ангууч амьтныхаас ямагт илүү байдаг биологийн хууль бий. Цагаан зээр нутагладаг газарт чоно байх нь зүйн хэрэг. Үүний нэгэн адил загастай газар хар галуу байна. Загас байхгүй бол хар галуу үгүй. Эл шувууны сангас замагт ургамлын ургалтыг дэмждэг. Замагт ургамал нь загас амьдрах, түрс, жараахайгаа хамгаалах таатай орчин бүрдүүлдэг. Цаашлаад загасны насжилт, популяцад нөлөөлдөг. Энэ чиглэлийн судалгаа хүртэл бий. Байгаль, экосистем ийм байдлаар өөрийгөө хамгаалж, зохицуулж, тэнцвэржүүлдэг. Үүнд хүн саад болох учиргүй” гэв. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр, Монголын шувуу хамгаалах төвийн захирал П.Ганхуяг, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан тэргүүтэй нэртэй судлаач, эрдэмтэд ч ийм байр суурь илэрхийлж, үндэслэлгүй мэдээлэл тараагчидтай тэмцэлдсээр байна.
Тураг гогой хэмээх амьтны зан төрх, амьдралын онцлогийг таниулах, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт, мэдээлэл түгээх, иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд БОАЖЯ-наас эхлээд шат шатны байгууллагынхан анхаарах шаардлага тулгараад олон жил өнгөрөв. Одоо үүнд цэг тавих цаг хэдийн болжээ. Хар галуу байгальд үнэхээр хортой юу, үгүй юү гэдэг эргэлзээг тайлж, маргааныг эцэслэе. Ялангуяа орон нутгийн иргэдэд шинжлэх ухаанч, баримт нотолгоотой, бодитой мэдээлэл түгээх хэрэгтэй.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хар галууны асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд загас, шувуу, зэрлэг амьтан судлаачид, аялал жуулчлал, байгаль орчны төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд энэ чиглэлийн тандалт судалгааг эрчимжүүлэх, олон улсын туршлага судлах, бодит нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж тогтоох ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр санал нэгдсэн юм. Үүнийг даруй ажил хэрэг болгох шаардлагатай. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед буюу 2020 онд тус байнгын хороо мөн эл асуудлаар хуралдаж, Архангай аймаг дахь Тэрхийн цагаан, Өгий нуурын экосистемийн доройтлыг онцгойлон хөндөж байв. Гэвч түүнээс хойш дорвитой арга хэмжээ авалгүй, хэлснээ хэрэгжүүлэлгүй явсаар өнөөдөртэй золгосон.
Тэгэхээр дан ганц Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд энэ асуудлыг даатгаад орхих нь, тэднийг шийдвэртэй алхам хийхийг хүлээж суух нь бухын дордохыг харж үнэг турж үхэхтэй ижил юм. Үүний оронд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллага болох БОАЖЯ, шувуу, загас судлалаар дагнасан салбар нэгжтэй ШУА-ийн хүрээлэнгүүд энэ чиглэлд манлайлан, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй болов уу. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын шувуу хамгаалах төв зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхныг үүнд дайчилж, хамтарч болно шүү дээ. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн гэхэд эл шувууны тоо толгой, байршил, экосистемд үзүүлэх нөлөөллийг тогтоох судалгаа хийх ажлын төлөвлөгөөг 2020 онд яаманд хүргүүлж байж. Харамсалтай нь өдий болтол хариу өгөөгүй гэнэ.
Нуур, ус, загас, жараахай хамгаалах нэрийдлээр хэн дуртай нь хар галуутай “хөөцөлдөж”, тэмцэлддэг асуудалд хяналт тавихгүй бол экосистемд жинхэнэ хор хөнөөл учирч болзошгүй талаар судлаачид анхааруулах боллоо. Гогойтой ижил төстэй бусад шувуу ч хэлмэгдэж, олноор үрэгдэх магадлалтай бас нэг аюул бий нь шувууны томуу дэгдэх эрсдэл.
Хавар шувууны томуугийн эрсдэл эрс нэмэгддэг. Нүүдлийн шувууд вирус тээж ирдэг учраас тэдэнд хэт ойртох, хүрэхээс болгоомжилдог. Ийм вирус мал, амьтан, хүнд халдварласан тохиолдлуулын дийлэнх нь хавар бүртгэгдсэн байдгийг ЗӨСҮТ-ийнхөн анхааруулсаар буй. Тэрчлэн манай орныг нүүдлийн шувуудын гурван гол зам дайран өнгөрдөг. Илүү эрсдэлтэй бүс гэсэн үг. Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг тандан судалдаг дээрх байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар сүүлийн 14 хоногт дэлхий дахинд H5, H5N1, H5N6 хүрээний вирусээр өвчилсөн 450 гаруй шувуу илрүүлжээ. Мөн хоёр хүн ийм халдвар авсан гэнэ. Өвчилсөн шувуудын дотор дэлхийн хэмжээнд нэн ховордсон борцгор хотонгоос эхлээд хамгийн өргөн тархалттайд тооцогддог тураг гогой хүртэл байна. Манай улстай хамгийн ойр Хятадад хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Гэтэл монголчууд хар галуу устгана хэмээн буу шийдэм агсаж, гол, нуурын орчимд эргүүлд гарч, дур зоргоороо авирласаар.
Тэрхийн цагаан нуурын Дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг орон нутгийн иргэд устгаж, тээвэрлэсэн явдал 2016 онд гарч байв. Тэгвэл энэ хавар мөн ийм явдал давтагдах гэж байсныг Хорго, Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрынхан таслан зогсоожээ. Нуурын ойр орчимд нутагладаг иргэд, жуулчны бааз, амралтын газрынхантай хамтраад тураг гогойг хоморголон устгахаар төлөвлөж байсан гэнэ. Түүнчлэн Өгий нуур орчимд аялал жуулчлал эрхэлдэг нэгэн иргэн 10 гаруй хар галууны амь тасалснаа цахим орчинд баримттайгаар мэдээлсэн нь холбогдох байгууллагынхны анхааралд хүрчээ. Нугасыг хар галуу гэж эндүүрэн буудаж, хөнөөсөн тохиолдол гарсан талаар “Монголын шувуу ажиглагчдын клуб”-ийнхэн цахим хуудсандаа мэдээлэв. Мөн тураг гогойны мах амттай, эрүүл мэндэд тустай, идвэл үс бууралтдаггүй гэх мэдээлэл цахим сүлжээнд эрчээ авчээ. Зарим нь “Хар галуу устгах аялал зохион байгуулбал нэгдэх хүн байна уу” хэмээн санал асуулга явуулж байх жишээтэй.
Байгалийн зохилдлого, идэш тэжээлийн гинжин хэлхээний онцлогийг бодсон ч, учирч болзошгүй эрсдэлээ тооцоолсон ч хар галууны асуудалд болгоомжтой, хянуур хандах шаардлага тулгарчээ. Тоо толгой нь экосистемд аюул учруулахаар хэмжээнд хүртлээ өссөн гэдгийг юугаар нотлох вэ. Олширсон байлаа гэхэд хүн болгон түүн рүү буу шагайж, хядах эрхтэй юү. Нэг шувуу өдөрт үнэхээр тийм олон загас иддэг үү. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгчээр тураг гогой устгах гэж байгаад шувууны томуугаар өвчилбөл яах вэ. Ханиадны вирус тараавал хариуцлагыг нь хэн хүлээх бол. Хар галуутай тэмцэлдэгч хэн бүхэн эхлээд эдгээр асуултад нухацтай хариулаасай билээ.