ШЕЗ-ийнхөн энэ сарын 5-нд ээлжит хурлаа хийж, нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцжээ. Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөхийг оролдсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлснээ тус зөвлөлийнхөн мэдээлэв. Тодруулбал, ШЕЗ-ийн гишүүд дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзжээ. Бидэнд олдсон мэдээллээр олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг хянан хэлэлцүүлэхээр болсон, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхийг оролдсон хэмээн үзжээ. Цахим мэдээллийн хэрэгслээр тус шүүхийн шүүгчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч байхдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг 2020 оны сонгууль өнгөртөл үндэслэлгүй дарагдуулсан, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүн гэх мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан нь ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөд хүргэсэн аж. Тухайн шүүгч нь А.Адъяасүрэнд холбогдох хэргийг огт шалгаж байгаагүй бөгөөд АТГ-ынхан ч үүнийг нь баталдаг. Шүүгчээр томилогдсон тухайд нэлээд хэдэн жилийн өмнө шалгалт өгч тэнцээд, ШЕЗ-ийн нөөцөд бүртгэлтэй байсан гэнэ. Улмаар дээрх шүүхэд шүүгчийн орон тоо гарахад ШЕЗ-өөс өргөн мэдүүлж, шүүгчээр томилох зарлиг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргажээ. Энэ мэтээр бодит баримтаас зөрүүтэй нийтлэл бичиж, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаж буй шүүгчид нөлөөлөхийг оролдсон хэмээн ШЕЗ-өөс цагдаагийн байгууллагад гомдлыг нь хүргүүлжээ. Монгол Улсад анх 2013 оноос шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Түүнээс хойш шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн нийт 60 гаруй тохиолдол гарчээ. ШЕЗ-д энэ он гарснаас хойш таван шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн гэнэ. Шүүх, шүүгчид нөлөөлөх үйлдэл хийсэн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 15.4-1, эсвэл Эрүүгийн хуулийн 21.6-1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.