Цар тахлын тархалт намжсантай холбогдуулан манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, олон улсад хилээ нээснээ албан ёсоор зарласан. Удаан хугацаанд хориг, хязгаарлалтад орсон аялал жуулчлалын салбар сэргэх нь гэсэн хүлээлт энэ үеэс бий болж, судлаачид эерэг таамаг, зураглал гаргаж байв. Гэтэл ОХУ, Украины нөхцөл байдал олон улсын аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт хүнд цохилт үзүүлж, жуулчдын урсгалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс үүдээд салбарын судлаач, мэргэжилтнүүд Монголын аялал жуулчлалын энэ хавар, зуны нөхцөл байдлыг өнгөрсөн жилийнхээс ч дор түвшинд хүрч болзошгүй гэж төсөөлж байсан юм. Гэвч энэ оны эхний дөрвөн сарын жуулчдын нэгдсэн үзүүлэлт харьцангуй сайн, тооцооллоос давсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Монголд сүүлийн дөрвөн сарын хугацаанд 25 236 жуулчин иржээ. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 329 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Эдгээр аялагч манай улсад 21.2 сая орчим ам.долларын орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 404 хувиар их дүн аж. Голлох зах зээлийн орноор нь авч үзвэл орос, солонгос, хятад, беларусь, турк, казах жуулчин хамгийн олноор иржээ.