ОХУ-ын Эрхүү мужийн эрх баригчид байгалийн таагүй нөхцөл байдлын улмаас онц байдал зарлалаа. Тус бүс нутагт галын аюул өндөр, хүчтэй салхилж буй нь түймрийн тархалтад нөлөөлж байна. Энэ сарын 7-ны байдлаар Эрхүү мужид түймрийн 51 голомт бүртгэгдсэний 13 нь хог шатсанаас үүссэн бол 38 нь байгалийнх аж. Тус мужид 35 байшин шатаж, 150 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Красноярскийн хязгаар, Кемерово, Эрхүү муж гэсэн Сибирийн гурван бүс нутагт түймрийн улмаас 12 хүн амь эрсэджээ. Хүйтэн салхи, цахилгаан дамжуулах шугам тасарсны улмаас байгалийн их хэмжээний түймэр гарсан байна. Түймэрт олон зуун байшин, барилга өртөж, гал сөнөөгчдийн хүчин чармайлтад салхи саад болж буй гэнэ. Омск мужид хоёр хүний амь эрсдэж, 115 барилга, байгууламж шатжээ.
Красноярскийн хязгаарын бараг хорин суурин галд өртөж, 19 хүн түлэгдэлтийн шарх авсны дотор зургаан гал сөнөөгч байна. Тус хязгаарт түймэрт 518 орон сууц, 309 барилга, 61 автомашин шатсан аж. Хүчтэй салхины улмаас гэмтсэн цахилгаан дамжуулах шугамд үүссэн богино холболтоос гал гарч байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Тодруулбал, салхины хурд секундэд 40 метрт хүрч, мод цахилгаан дамжуулах шугам дээр унаж буй гэнэ. Хүчтэй салхины улмаас түймэр унтраахад нисэх хүчин оролцох боломжгүйд хүрсэн байна. Красноярскийн хязгаар түймрийн улмаас онцгой байдлын горимд шилжжээ. Кемерово мужид 143 байшин шатаж, 224 хүн орох оронгүй болсон гэнэ.
Бэлтгэсэн З.Амгалан