Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ Дэлгэрмөрөн гол руу нэгэн эрэгтэй үсэрч, живсэн гэнэ. Онцгойгийнхон усанд живсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 6-ны 17.49 цагт хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн 54 настай Б-г сүүлийн 24 цагийн турш хайсан аж. Тодорхой хэлбэл, тавдугаар сарын 8-ны 08.45 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг Эрчим багийн Хилэнтийн гүүр” гэдэг газраас Төмөрбулаг сумын Нарийн багийн Домбо гэдэг газар хүртэл 40 км-т, 2 дугаар бүлэг Хилэнтийн гүүрнээс Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Баян-Эрхэт гэдэг газар хүртэл 60 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Харамсалтай нь, үр дүнд хүрээгүй тул өнөөдөр 08.30 цагт эрлээ үргэжлүүлж байна.