Ирэх долдугаар сард ашиглалтад оруулах товтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хариуцсан компаниуд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартыг хэрэгжүүлэлгүй өргөст тор татаж эхэлсэн талаар манай сонин хагас сар хүрэхгүй хугацааны өмнө мэдээлж байв. Ингэснээр хулан, хар сүүлтийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, говийн амьтад өргөст торонд сүлбүүлж, орооцолдож үхэх эрсдэл үүссэнийг судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Тэгвэл яг ийм харамсалтай явдал Ханбогд сумд бүртгэгдсэн талаар орон нутгийн иргэн мэдээллээ. Тодруулбал, тус сумын Жавхлант багийн нутаг дахь төмөр замын өргөст торонд хулангийн унага орооцолдож үхсэн байсныг малчид олж, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагынханд мэдээлжээ. Тархац нутаг нь эрс хумигдаж, устах түвшинд хүртлээ цөөрсөн эл амьтан төмөр замын байгууламжаас болж үрэгдсэн анхны тохиолдол нь энэ бөгөөд цаашид ийм явдал олон удаа давтагдах эрсдэлтэйг амьтан судлаачид анхааруулж байна.