Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дахь Туул голын татам бүхий хэсэгт нэгэн эрх дархтан 1.5 га орчим талбайг хашиж, барилга барихаар төлөвлөж байсныг хяналтын байгууллагынхан илрүүлэв. Энэ нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор хоёронтоо баталсан, Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн муж юм.
Туул голын сав газрын захиргааныхан нийслэл орчим дахь хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийхэд онцгой болон энгийн хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй хашаа татсан, их хэмжээний хог хаясан, зам тэгшлэх зорилгоор сул шороо асгасан, үйлдвэрийн бохир ус нийлүүлсэн зэрэг олон зөрчил илэрчээ. Ялангуяа барилгын хог хаягдал асуудал дагуулах хэмжээнд хүрснийг онцлов. Ийм зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцуулахаар тус газраас шат шатны байгууллагад хандаад байна.
Туул голын эх буюу Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бүхэлдээ суурьшлын бүс болж хувирсан. Тэнд аялал жуулчлалынхнаас гадна малчид олноор “үүрлэж”, хүрээлэн буй орчинд их хэмжээний дарамт учруулах болсныг байгаль орчны салбарынхан хөндсөөр буй. Голын урсац бүрэлдэх эх хэсгийг малын хөлөөс чөлөөлж, экосистемийг нь хамгаалах гэсэн тусгай хамгаалалттаай газрын хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага, тэдний шийдвэр, захирамжийг эрс эсэргүүцэх малчдын хооронд өдгөө ширүүхэн тэмцэл өрнөсөөр байна.
Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон, ус ашиглалт, хэрэглээгээрээ хамгийн өндөр ачаалалтайд тооцогдож ирсэн Туул голтой холбоотой саар мэдээ тасрахаа байлаа. Газрын наймаа, төлөвлөлтгүй аялал жуулчлал, хүн амын замбараагүй төвлөрөл, уул уурхайн үйл ажиллагаа, стандартгүй нүхэн жорлон, ил задгай хог, энд тэндээс нууцаар “сэлбэдэг” үйлдвэрүүдийн бохир ус гээд дэндүү их дарамт энэ голыг эхээс нь адаг хүртэл бүчжээ. Хавар газар бүрэн гэсэж, гол, мөрөн сэргэх цагаар эргээ халих шахам мэлтэлздэг байсан Туулын ус жилээс жилд багасаж, татарсаар байгааг усны салбарынхан хэлэх боллоо. Өнөө жил гэхэд (өнгөрсөн сарын 20-доор) тус гол Тэрэлж орчимд шургаж, алга болсныг “Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн З.Батбаяр баримттайгаар мэдээлсэн юм. Энэ бол нэг төрлийн анхааруулга, сэрэмжлүүлэг. Цаашид ийм явдал байнга тохиолдохыг ч үгүйсгэхгүй.
Ийм байтал нэг хэсэг нь Туул голыг сувагчилж, усан тээвэр хөгжүүлэх боломжтой хэмээн мөрөөдлөө ярьж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Жирийн нэг судлаач, иргэн хүн ийм зүйл ярьсан бол ойлгох аж. Гэтэл хотын ерөнхий архитектор нь “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийн үеэр ийнхүү ярьж, түүнийг бусад нөхөд нь дэмжиж, дэврээсэн нь бүр ч эмгэнэлтэй. Улаанбаатар хотыг удирдаж, бодлого зангидаж буй хүмүүс бодит байдлаас хэр хол алсарсныг энэ ганц жишээ хангалттай харуулав. Усны асуудлаар тэр бүр дуугардаггүй нийслэлчүүд хэдэн өдөр Туул голоо ярив. Санаа зовниж бус, доог тохуу хийж, баясацгаав. Угтаа энэ бол бидний хувьд хамгийн эмзэг, тэр хэрээр болгоомжтой хандах, тэргүүнд тавих чухал асуудал юм. Хэрэв байгаль орчны байгууллагынхан, нийслэлийн удирдлага үүнд жинхэнээсээ санаа тавьж, дорвитой арга хэмжээ авахгүй бол хамаг олныг ундаалагч Хатан Туул маань Сэлбэ голын араас орж, нийслэлчүүдээс хэзээ мөдгүй “нүүр буруулах нь”.
Хотын төвийн суурьшлын бүсээр нэвт урссаар Туулд хүч сэлбэдэг цор ганц голоо улаанбаатарчууд “хоолойг нь боомилоод” олон жил болж байна. Хэнтийн нуруунаас эхтэй энэ гол гэр хорооллоос хотын төв рүү ойртох тусам байгалийн өнгөө гээж, хог хаягдалд дарагдан, лаг, шаварт ээрүүлж, голдирол, татмаасаа алсран, агшсаар танигдахын аргагүй болсон. Баруун Сэлбэ хэдийн амь тавьсан бол зүүнд нь нүхэн жорлонгийн бохирдол нэвчсэн гэж судлаачид зовниж эхлэв. Сэлбэ гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулах, урсцыг нь дэмжих, нэмэгдүүлэх, лаг, шавар багасгах чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд нийслэлээс хэрэгжүүлсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бий болгох зорилгоор гол дагуух хэсэг газрыг цементээр хучиж, тохижуулсан нь ч нэрмээс болов. Өдгөө тус голын хамгийн их бохирдолтой, үзэмжгүй, урсац багатай нь тохижилт хийсэн хэсэг буюу АНУ-ын ЭСЯ, XI хороолол орчим байна. Тэндхийн мод, бутнууд хог цуглуулагч болж хувирсан. Зуун айл, Дарь-Эхийн уулзвар, “Скай” их дэлгүүр, МУИС-ийн Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль орчим гээд гүүртэй, иргэд агаарлаж, зугаалах боломжтой газар бусад хэсгээсээ илүү их бохирдолтой байгаа нь илт анзаарагддаг. Хүн амын хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй орчны бохирдол, доройтол гэдэг ийм аюултай аж. Үүнийг хавар, зуны хэдхэн удаагийн их цэвэрлэгээ, сайн дурын аянаар бүрэн арилгачихдаггүй, шийдчихдэггүй нь харамсалтай. Тэгвэл хотын төв хэсгийн Туул гол дагуу 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөөд буй нийслэлийн удирдлага, холбогдох албаны хүмүүс энэ эрсдэлийг тооцоолсон болов уу.
Иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Богдхан уул болон Туул гол дагуу хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах, эрчимжүүлэх чиглэлийг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд өгсөн. Үүний дагуу Сонсголонгийн гүүрээс Баянзүрхийн гүүр хүртэлх 27 км газарт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөсөн. Тэдгээрийн 11-ийнх нь ажлын даалгаврыг, тавынх нь загвар зургийг баталсан бол нэг байршилд амралтын бүс хэдийн байгуулсан. Энэ зун гэхэд хоёр хэсэг газрыг тохижуулахаар төлөвлөснийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан онцоллоо. Гэтэл түрүүлж тохижуулсан газар нь эхнээсээ хүний хөл, ил задгай хогонд дарагдаж, шорлог, хуушуурын хиншүүнд “эзлэгдээд” байна.
Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Маршалын гүүр орчим дахь Туул голын урд эрэг дагуух 1.6 км газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны зун тохижуулж, нийслэлчүүдийн мэдэлд хүлээлгэж өгсөн. Өдгөө тус бүс амралтын өдрүүдэд олны хөлд дарагдаж, тээврийн хэрэгсэл зорчих аргагүй болтол түгжирдэг. Ундаа, усны сав, тамхины иш, гялгар уут хаа сайгүй хөглөрч үзэгддэг. Талбайг голоос тусгаарлах зорилгоор тор татсан ч гялгар уут, цаас зэрэг хог хаягдал түүнд хязгаарлагдах нь үгүй. Нохойгоо бие засуулах гэсэн хүмүүс өнөөх хамгаалалтын “хашаа”-г саадгүй давж, голын бургас бараадуулж байхыг хэдэнтээ үзэв. Стандартын шаардлага хангасан гэх ариун цэврийн байгууламжид дугаарлаж түвдээгүй иргэд хүний нүд хариулж, хаа нэгтээ “сууцгаадаг”. Хэдхэн жилийн дараа гэхэд энэ хэсэг XI хороолол орчмын Сэлбэ шиг болохгүй гэх баталгаа, найдвар алга. Хамгийн харамсалтай нь, ийм дүр зураг хотын төвийн гол дагуу хаа сайгүй үүсэж болзошгүй.
Иргэдэд амарч, зугаалах таатай орчин мэдээж хэрэгтэй, чухал. Гэхдээ улаанбаатарчуудын ундны усны гол эх үүсвэр болсон томоохон ганц голынхоо эргийг хаа сайгүй цементэлж, хэт төвлөрөл бий болгох нь хэр зохимжтой вэ. Сэлбэ гол дагуу ийм бүс байгуулаад юу хожив. Стандарт, хяналт гэдэг зүйл Монголд ямар түвшинд хэрэгждэг билээ. Тэртэй, тэргүй нийслэлчүүд хаврын дэлгэр, зуны аагим, намрын налгар өдрүүдэд хүссэн үедээ Туулынхаа хөвөөг барааддаг шүү дээ. Үүнд ямар ч саад тотгор үгүй. Тийм атал хашаа татаж, сандал, ширээ байршуулах нь ямар хэрэгтэй вэ. Бид байгалийг зорихдоо цементэн шал, модон сандалд тухлахыг тэгтлээ чухалчилдаг бил үү. Хүн олноор цугладаг хэсгүүдэд, голын эргээс алслагдмал зайд ариун цэврийн байгууламж, хогийн сав байршуулчихвал л болох биш үү. Туулын хөвөөг “оролдохын” оронд явган аяллын маршрутуудаа тохижуулж, өөд нь татвал илүү тохиромжтой, хэрэгтэй бус уу.
Туул голд дарамт багадаагүй. Хүний буруутай үйл ажиллагааны нөлөө энэ голыг хэдэн талаас нь “боомилж”, амьсгалыг нь тасалдуулсаар буй. Үүнийг тодруулах үүднээс нийтлэлийн эхэнд цөөн жишээ татсан юм. Цаашид хүн амын тоо өсөх, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр үүнтэй ижил зөрчил гарна, гаарна. Голын экоситем доройтож, ганхах аюул улам ойртоно. Тиймээс БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаа, урсац бүрэлдэх эх хэсгийг харгалздаг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан энэ асуудалд одооноос дорвитой анхаарах шаардлага тулгарч байна. Нийслэлийн удирдлага, холбогдох албаны хүмүүс ч голын унаган төрх, экосистемийг эвдэхгүй байхад санаа тавихгүй бол дэндүү оройтсон байх вий