"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжиж, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэн, манлайлах үүрэгтэй оролцож байгаа юм. Тодруулбал, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн 2022-2030 онд 27 сая модыг зөвхөн тариад орхих бус арчлан хамгаалж, усалж, ургуулах ажлыг хэрэгжүүлнэ. Манай улсын иргэд, төрийн болон хувийн хэвшлийн алба хаагчид идэвхтэй дэмжин, улс орон даяар эрч хүчээ авч буй энэхүү үндэсний хөдөлгөөнд бид бүхэн нэгдсэнээр Зэвсэгт хүчний ангиудад Мод үржүүлгийн төвийг шинээр ажиллуулж эхэллээ. Тухайлбал, БХЯ, ЗХЖШ-аас төлөвлөсний дагуу Зэвсэгт хүчний 9 ангид Мод үржүүлгийн газар болон Мод үржүүлгийн Сургалтын төвийг шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсээр байгаа юм.
Энд тодруулахад, өнөөдөр буюу Билгийн тооллын Усан бар жилийн Зуны тэргүүн сарын шинийн 5-ны өдрийн морин цагт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Мод үржүүлгийн газрын нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулав. Уг нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, Материал, техникийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр болон ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, тус ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцож, мод тарих ажлыг гүйцэтгэлээ. Нээлтийн ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Үлээвэр хөгжмийн удирдаач дэслэгч Б.Баттулга морин хуурын, байлдагч Т.Ганболд эвэр бүрээний гоцлолоор урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн нь оролцогсдын сэтгэлийг хөгжөөв. БХЯ, ЗХЖШ-аас энэ оны эхэнд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агро-Экологийн сургуулийн багш нартай хамтран сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулсан нь үр дүнгээ өгч буйг уг нээлтийн үеэр бид мэдэрсэн юм. Нээлтийн ёслолын үеэр тус ангийн Мод үржүүлгийн газрыг хариуцан ажиллаж буй Ойн инженер З.Болдбаатар мод тарихаар ирсэн нийт алба хаагчдад богино хугацааны сурган зааварлалтыг явуулав.
Үүний дараа Мод үржүүлгийн газарт мод тарихаар ирсэн нийт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар болон ажилтан албан хаагчид нэлээд олон тооны модыг модны үндсээр, мөчрөөр мөн үрээр нь суулган тарьж, нэгэн насны "буян үйлдсэн"-дээ сэтгэл тун хангалуун байлаа. Мөн уг Мод үржүүлгийн газарт шинээр байгуулсан хиймэл нуур болоод услалтын системийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тарьсан модоо бодит байдлаар хэрхэн усалж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж байсан юм. Ийнхүү энэ өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Мод үржүүлгийн газар байнгын ажиллагаанд шилжлээ. Тус ангийн захирагч хурандаа Л.Дагвасүрэнгийн хэлснээр энэхүү Мод үржүүлгийн газарт 4 га талбайн хөрсийг боловсруулж, модны үр, мөчрийг бэлтгэн, цахилгаан болон усжуулалтын ажлыг бүрэн шийдвэрлэсэн ажээ. Тэд уг Мод үржүүлгийн газартаа зөвхөн энэ онд гэхэд л бургас, улиас, гүйлс, хайлаас, агч, арц зэрэг 6 нэр төрлийн 50 000 модыг тариалах, үржүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ "Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргүүдээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалж, мод тарьж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, цөлжилтөөс урьдчилан сэргийлснээр Оршин тогтнохуйн болон Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулах болно. Модыг говь, хангай, талын бүсэд зөвхөн тарих бус тэдгээрийг арчлан хамгаалах, усалж тордох, ургуулах ажилд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хамтран, идэвх санаачилгатай ажиллах шаардлага үүсэж байгаа. Энэхүү буянтай ажилд оролцож буй бүхий л алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэдгийг онцолсон юм. Тийм ээ! Энэ жилийн хувьд бид бүхэн Зэвсэгт хүчний 017, 186, 310, 311, 336 дугаар ангид Мод үржүүлгийн газрыг шинээр байгуулан үйл ажиллагааг нь хэвшүүлэх болно.