Байгаль орчныг хамгаалах болон Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Отгонтэнгэр” их сургууль хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн IX- XII ангийн сурагчид, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын дунд илтгэх ур чадварын уралдаан зарлажээ. Усыг хамгаалах, зохистой ашиглах талаар уламжлагдан ирсэн зан үйл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх, экологийн боловсролыг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх нь энэ арга хэмжээний гол зорилго аж. Оролцогчид “Үнэт эрдэнэ ус”, “Ус чандмань эрдэнэ”, “Байгаль орчноо хамгаалахад иргэдийн оролцоо”, “Хатан Туул хамаг олныг ундаална”, “Усыг хайрлан хамгаалах уламжлалт зан үйл” зэрэг сэдвээр илтгэл тавьж, өрсөлдөх юм. Уралдаан энэ сарын 15-нд “Отгонтэнгэр” их сургуульд болох бөгөөд шилдэг дөрвөн оролцогчийг сургалтын төлбөрийн эрх болон мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.