Хаврын мод тарих үе эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл, орон нутагт тарьц, суулгац, үр, үрслэгээний үзэсгэлэн өргөн дэлгэр болж байна. Дархан-Уул аймгийнхан модлог ургамлын үр, тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг “Шинэ Дархан” олон улсын худалдааны төвийн гаднах талбайд өчигдөр эхлүүллээ. Сүхбаатар аймгийн БОАЖГ-ынхан “Амжилтын талст” хөгжлийн хүрээлэнд “Тарьц, суулгац-2022” арга хэмжээ зохион байгуулж, 14 байгууллагын 15 төрлийн бут, сөөгийг иргэдэд танилцуулсан байна. Говьсүмбэрчүүд энэ сарын 4, 5-нд “Боржигон” чуулгын талбайд болсон үзэсгэлэнгээс тарьц, суулгацын нөөцөө базаажээ. Өмнөговийнхон маргааш “Ажнай” талбайд цуглаж, мод үр жүүлэгчдэдээ хөрөнгө оруулах нь. Хэнтий аймгийн БОАЖГ-ынхан нэг кг гялгар уутыг нэг ширхэг суулгацаар солих байгальд ээлтэй санаачилга гаргасан юм.
Харин нийслэлд өдгөө Барилгачдын талбайд “Мод, бут, сөөгийн тарьц, суулгац, үр, үрслэгээний үзэсгэлэн, худалдаа-2022” арга хэмжээ болж байна. Үүнийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж буй юм. Үзэсгэлэн, худалдаанд мод үржүүлгийн 20 компанийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгчид оролцож, 50 гаруй төрлийн шилмүүст болон навчит модны тарьц, суулгац худалдаж байгааг зохион байгуулагчид нь онцлов. Тэрчлэн тасалгааны болон мандлын цэцэг, нарийн ногооны үр, үрслэгээг иргэдэд санал болгож, хэрхэн тарьж, арчлах талаар зөвлөгөө өгч байгаа аж. Мод үржүүлгийн компаниудын төлөөлөл “Намуун байгаль”-ийн ойн инженер Г.Бадамгарав “Манайх тарьц, суулгацын үзэсгэлэнд 12 дахь удаагаа оролцож байна. Энэ удаа 18 төрлийн модны тарьц, суулгац, үрслэгээ авчирлаа. Модны төрөл, урт зэргээс хамаараад суулгацаа 1200-150 000 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Иргэд хайлаас, улиас, голт бор зэргээс гадна монос, үхрийн нүдний модны суулгац голдуу авч байна” гэсэн бол хувиараа бизнес эрхлэгч Н.Нарангарав “Өмнө нь зөвхөн үр, үрслэгээ худалддаг байсан бол өнөө жил гоёл чимэглэлийн модны суулгац, бордоо танилцуулж буй. Нэг кг бордооны дундаж ханш 2000-4000 төгрөг байна. Гоёл чимэглэлийн модны суулгац 2400-60 000 төгрөгийн ханштай” гэв. Эл үзэсгэлэн, худалдаа ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх юм.
Ташрамд дурдахад, Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Үүнийг угтан БОАЖЯ, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Туурайн төвөргөөн” ХХК хамтран “Модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа”-г Хан-Уул дүүрэг дэх Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн (шинээр байгуулсан)-д энэ сарын 12-22-нд зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд 70 орчим мэргэжлийн байгууллага оролцохоор бүртгүүлжээ.