Өрнөдийн орнууд томоохон хориг тавивал Хятадын банк, санхүүгийн системд авах арга хэмжээг бэлтгэх үүргийг тус улсын эрх баригчид өгсөн тухай Британийн “Guardian” сонин мэдээлэв. “Оросын эсрэг авсантай адил арга хэмжээг Өрнөдийнхөн хэрэгжүүлбэл Хятад улс хариу алхам хийх хэрэгтэй болно. Үүнд зориулсан аргачлалыг бэлтгэж байна” гэж уг сонины эх сурвалж уламжилжээ. Хятадын холбогдох газрууд, тэр дундаа банкны зохицуулагчид болон олон улсын худалдаа хариуцсан байгууллагууд Бээжингийн эсрэг авч болзошгүй эдийн засгийн томоохон хориг арга хэмжээнд бэлтгэх хүсэлтийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр хүлээн авсан байна.
БНХАУ-ын эрх баригчид хөрөнгөө хэрхэн хамгаалах талаар өөрийн болон олон улсын хэдэн арван банкны удирдлагатай ярилцсан тухай “Financial times” сонинд мэдээлсэн. Хятад улс гадаад валютын нөөц болох 3.2 их наяд ам.долларынхоо нэг их наядыг АНУ-ын Төрийн сангийн бондод оруулсан аж.
Бэлтгэсэн: З.АМГАЛАН