Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Буянхолдинг” компани одоогоос 10 жилийн өмнө “Капитал” банктай гэрээ байгуулж, жилийн долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 10 тэрбум төгрөгийн зээл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд авчээ. Зээлийнхээ барьцаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь үл хөдлөх хөрөнгүүд, ноос, ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд тавьсан аж. Энэ хугацаанд зээлийн гэрээндээ нэг бус удаа өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх хугацаагаа ч сунгаж байсан гэнэ. “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдоод 2020 оны гуравдугаар сард “Буянхолдинг” компанийн зээлийн төлөөгүй үлдэгдэл таван тэрбум 45 сая, хүү 1.5 тэрбум, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99 сая гээд нийт 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. “Буянхолдинг”-ийнхон үндсэн зээл болох таван тэрбум гаруй төгрөг төлөхөө илэрхийлж, бусдыг нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сард хэлэлцээд “Капитал” банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Буянхолдинг” компаниас 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус компанийнхан зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон байна. Давж заалдах шатны шүүх “Буянхолдинг”-оос 6.4 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлээд байсан бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хурлаар эл хэргийг өчигдөр хэлэлцээд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Жаргалсайхан, Б.Цогтсайхан нарын эзэмшлийн “Буянхолдинг” компаниас 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулж, “Капитал” банкны эрх хүлээн авагчид олгуулахаар болсон байна.