Манай улсад өнгөрсөн жилээс олны анхааралд өртөж, хүмүүсийн мөнгийг татах нэг хэрэгсэл болсон койнтой холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллагынхан тус тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Зургаан сар гаруйн хугацаанд хоёр наяд гаруй төгрөг татан төвлөрүүлсэн 79 нэрийн койныг гаргасан иргэд, аж ахуйн нэгжийнхнийг шалгуулахаар хөрөнгөө оруулсан хүмүүс хууль сахиулах байгууллагад хандсан юм байна. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооныхон тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийж буй гэнэ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гэхэд койн гаргасан залуус бие биенийхээ эсрэг гаргасан гомдлын дагуу шалгалт хийж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тагнуулын байгууллагынхан койнд зарцуулсан мөнгийг хэрхэн ашигласан, хаана, хэнд хөрөнгө оруулсан, тухайн мөнгө нь хууль бус үйлдлийг санхүүжүүлсэн, эсэхийг тодруулахаар ажиллаж буй аж.
Бэлтгэсэн: Г.РАВЖАА