Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах журмын хүрээнд Баян-Уул сумын ИТХ, Засаг даргын шийдвэрээр Монгол элсний байгалийн цогцолборт газарт 60 монгол тарвага нутагшуулжээ. Гурван хэсэг газарт шилжүүлсэн “хулгар шар”-уудыг 2019 онд тарваганы нөөцийн судалгаа хийсэн Даривын нуруунаас барьсан байна. Энэ ажилд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчдаас гадна амьтан хамгааллын мэргэжлийн байгууллага болох “Амьтны эрэлд” ХХК-ийн судлаачид хяналт тавин ажиллажээ. Сэргээн нутагшуулсан тарвагуудыг цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Т.Ганбаатар, Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Батзориг нар хариуцаж, хянах бөгөөд автомат камерын мэдээлэл цуглуулан, тодорхой давтамжтайгаар бүртгэх юм байна.