Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан тэргүүтэй холбогдох албаныхан Туул голын бохирдсон хэсгүүдийн нөхцөл байдалтай танилцаад, уснаас дээж авч шинжлүүлэхээр болжээ. Голын бохирдлын түвшнийг нарийвчлан тогтоохын тулд таван цэгээс дээж авч, лабораторийн шинжилгээ хийлгэхээр болжээ. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүд хоцрогдож, хуучирсан нь Туул голын бохирдолд нөлөөлж байгааг албаныхан онцлов. Тодруулбал, аж ахуйн нэгж, байгууллагууд хэт их бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Тус байгууламжийн тоног төхөөрөмжүүд нь бохирдлыг бүрэн цэвэрлэж чадахгүйгээр Туул голд нийлүүлж буй гэнэ. Тиймээс арьс, шир боловсруулах үйлдвэр, авто угаалгын газрууд зэрэг аж ахуйн нэгж эхлээд хаягдал усаа өөрсдөө цэвэрлэж, дараа нь Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх нь зүйтэйг тус байгууллагынхан хэлэв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр бол шинжилгээний дүн ирэх долоо хоногт гарах бөгөөд үүнд үндэслэн цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхой болгох гэнэ.