Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. ЭЦА-ныхан ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тэгвэл дээрх бичиг баримтуудыг үндэслэн мэргэжлийн байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулж эхэлжээ. ТЭДС-гаас зээл аваад төлөөгүй зарим аж ахуйн нэгжийн талаарх мэдээлэл бидэнд ирлээ.
Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй гэдэг. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал ч бий болоод буй билээ. Тус сангаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр авах гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд шилжүүлж, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж байгаа юм.
Одоогоор хэн нэг албан тушаалтан, аж ахуйн нэгжийн удирдлагыг яллагдагчаар татаагүй аж. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад авсан зээлээ төлөөгүй гэдэг нь тодорхой болсон аж ахуйн нэгж, иргэдээс эхний 50-ийнх нь мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ 50 иргэн, аж ахуйн нэгжийнхэн 50 гаруй саяас эхлээд хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл ТЭДС-гаас авчээ. Тухайлбал, олны танил эрхмүүдээс “Камертон” хамтлагийн дуучин Эба буюу Б.Эрдэнэбатын эзэмшлийн “Монголгазар шим” ХХК нэг тэрбум гаруй төгрөгийн зээл аваад төлөөгүй аж. Мөн твиттерт нэлээд идэвхтэй байдаг Л.Цандэлэгийн үүсгэн байгуулсан, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд үйл ажиллагаа явуулдаг “Ургац хүдэр” компани 1.9 тэрбум гаруй төгрөгийн зээлтэй юм байна. Уншигч та бүхэн аль компани хэчнээн төгрөгийн зээл дээрх сангаас авсныг жагсаалтаас хараарай. Хэн нь улстөрчид, нөлөө бүхий хүмүүсийн хамааралтайг өөрсдөө дүгнэх биз.
Мөн Ю.Мөнхбаатар захиралтай “Норбу-Агко” ХХК 2.2 тэрбум, П.Учрал, Р.Саранцэцэг нарын нэр дээрх “Хархорин чацаргана” компани 2.3 тэрбум шахам, Н.Болорчулууны эзэмшлийн “Чансаа хан хөхий холдинг” 2.2 тэрбум гаруй, Увс аймгийн Тариалан сумд бүртгэлтэй, Б.Билэгт захиралтай “Алтандуулга” компани 910 сая, Д.Ачит-Эрдэнэ захиралтай “Дорнодшим агро” ХХК 1.1 тэрбум, “Бэрэн групп”-ийн хөрөнгө оруулалттай “Хангайнгурил” ХХК 1.6 тэрбум төгрөг гэх мэтээр нийтдээ 19.3 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийнхэн зээл төлөх хугацаагаа хэтрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж байж болзошгүй нөхцөл байдал үүссэн аж.
Эдгээр аж ахуйн нэгжийнхэн зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг нь хэрхэн хангуулахаар тусгасныг нарийвчлан шалгаж төр, нийтэд учирсан хохирлыг барагдуулахын тулд прокурорын зөвшөөрөлтэйгөөр зарим эд хөрөнгийг нь битүүмжилж болзошгүй гэнэ. Цаашид үлдсэн аж ахуйн нэгж, иргэний мэдээллийг сайтар нягталж, аудитын болон санхүүгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, нэрсийг нь зарлах, цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэн, зээлдэгч нарыг яллагдагчаар ч татах магадлалтайг эх сурвалжууд хэллээ.
ТЭДС-гаас зээл авсан, 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаагийн 550 нь компани юм билээ. Тэдэнд зээл олгохдоо давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн тус сангийн нэг бус албан тушаалтанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад олон аж ахуйн нэгж, иргэнд давуу байдал олгосон нь нотлогдвол яллагдагчаар татан, АТГ-т шалгуулахаар шилжүүлэх гэнэ.
ТЭДС-гийн хөрөнгөөс албан тушаалтнууд нь хувьдаа завшиж байсан тохиолдол өмнө нь гарч байсан билээ. Тодруулбал, тус сангийн захирлаар ажиллаж байсан Ч.Пэрэнлэй нэлээд их хэмжээний хөрөнгө завшиж, түүгээрээ тариалангийн нэг бус аж ахуйн нэгж худалдан авсан хэрэгт холбогдон шалгуулж байсан юм. Түүнтэй хамт ТЭДС-гийн Сэлэнгэ аймаг болон Хөтөл дэх салбарын удирдах албан тушаалтнууд шалгуулж байсан ч хэрэг нь тэгсхийгээд мартагдан, дээрх сан олон тэрбум төгрөгөөрөө хохироод үлдсэн билээ. Мөн “Гацуурт”-ынхан дээрх сангаас улаан буудайн урамшуулал хоёр тэрбум гаруй төгрөг авахдаа “Хангай миллс” гурилын үйлдвэрт будаа өгсөн хэмээн баримт бүрдүүлсэн боловч бусдыг залилан мэхэлсэн хэмээн яллагдагчаар татагдан шалгуулж байсан талаар бид одоогоос гурван жилийн өмнө мэдээлсэн. Гэвч энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бас л замхарсан. “Гацуурт” ХХК-ийнхнаас тус сангийнхан, ХХААХҮЯ-ныхан нийлж төр, нийтэд учирсан хохирлыг гаргуулахаар бэлтгэж байсан боловч авч чадалгүй мартагдсан юм даг.
Үүнтэй адилаар ТЭДС-гаас олон сая, тэрбумаар нь зээл авчихаад мөнгөө төлөхгүй “луу унжиж” буй иргэн, аж ахуйн нэгжүүдээс татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн хөрөнгийг буцаан авч чадахгүй байх вий гэсэн болгоомжлол олны дунд байна.
Бэлтгэсэн Г.Равжаа