Эцэг, эхийн хараа хяналт сулаас хүүхдүүд амиа алдсаар байгаа талаар бид өнгөрсөн сарын 20-ны дугаартаа сэрэмжлүүлэг хүргэсэн ч байдал төдийлөн сайжрахгүй байна. Тухайн үед голын эрэг дээр тоглож байсан гурван настай хүү усанд живж нас барсан харамсалтай явдал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд гарсан. Завхан аймгийн Түдэвтэй сумд долоон настай хүү саахалт айлаасаа гэр лүүгээ явж байхдаа мориноос унаж амиа алдсан учраас эцэг, эх, асран хамгаалагч нарыг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг бид мэдээлж байв. Гэвч харамсалтай явдал ар араасаа гарсаар л. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнгөрсөн даваа гарагт хүүхдүүд осолдож, амь, эрүүл мэндээрээ хохирч буйг сэрэмжлүүлсэн. Тухайлбал, энэ сарын 1-ний 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах хоёр давхар сууцын цонхны хаалт тор урагдсанаас тавцан дээр нь сууж байсан 10 сартай хүүхэд унаж гэмтсэн. Мөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн амралтын газрын гадаа тоглож байсан хоёр настай хүү моринд өшиглүүлж гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж буй. Хан-Уул дүүрэгт 11 настай хүүгийн унаж явсан морь үргэснээс унаж гэмтсэн аж.
Эдгээрээс гадна Ховд аймгийн Үенч сумын нутаг, Ёмбонгийн ам гэх газарт гурван настай хүү гэрийнхээ гадаа тоглож байгаад Нарийны голын усанд унаж нас барсан байна. Тухайн айлынх голын эргээс 100 хүрэхгүй метр зайд хаваржиж байж. Энэ мэтээр хүүхэд осолдож, эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар байна. Дулааны улирал эхэлж, бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байдгийг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг сануулъя.