Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ)- ын дарга А.Нарантуяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд нэг бус удаа шилжүүлсэн ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буцаасаар багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй хэмээн хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудын дугуй руу ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг билээ. Уг хураамж нь НМЭГ-ын дансанд ордог бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр тус газрын дарга А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулж, 40 сая төгрөг завшсан, өөртөө давуу байдал олгосон хэмээн НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм байна. Харин шүүхээс хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэж прокурорын хяналтад тэр болгонд нь буцаасан гэнэ. Өдгөө НМЭГ-ын даргын албан тушаалыг хашсаар буй А.Нарантуяаг цагдан хорих санал хууль сахиулах байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцээд нэг сарын хугацаатай цагдан хорих захирамж гаргажээ. Зарим мэдээллийн хэрэгслээр НМЭГ-ын дарга А.Нарантуяаг цар тахлын хөл хориотой үед байгууллагынхаа барилгын засварын тендер зарлаж, үр ашиггүй зарцуулсан талаар бичсэн байдаг.