Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Өдгөө гэр хорооллын нийт 28 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажиллаж, энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлөн, 11 755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалтын ажиллагаа болж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн “Монтед констракшн” ХХК-ийн ажлыг дүгнэж, төслийн үр дүнг хүлээн авлаа.“Монтед констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Ү” хэсэгчилсэн талбайн нийт 4.8 га, 79 нэгж талбар бүхий газарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 36 айлын газар чөлөөлж, нийт 875 айлын 11 блок орон сууц барьж, ашиглалтад оруулжээ.