“Улаанбаатар аялагч” клубийнхэн Богдхан ууланд “Хоггүй цэвэрхэн Богдхан уул” өдөрлөг зохион байгуулав. Үүнд 151 хүн оролцож, Их тэнгэр, Төр хурх, Манзушир, Түргэн, Жаргалант, Зайсан (Тэнгэр хад, Баруун ширээт) гэсэн зургаан амнаас 161 шуудай хог ангилан түүлээ. Түүсэн хогийн 58.6 кг нь дахин боловсруулах ангилалд багтжээ. Өдөрлөгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн ЗДТГ зэрэг төрийн байгууллагынхан оролцсон юм. Мөн “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах” төсөл, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо, “Хайрхан”, “Хүннү”, “Жаргалант”, “Хоризон” клубийнхэн оролцсон байна. “Хариуцлагагүй хэн нэгний тарьсан хогийг араас нь түүж, цэвэрлэх биш, хог хаях муу зуршлыг өөрчлөн, зөв хандлагыг төлөвшүүлэхэд хойшид хамтран ажиллая” гэж өдөрлөгт оролцогчид уриалга гаргажээ.
Бэлтгэсэн: З.ГАЛ