Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны тавдугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцжээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн шийдвэрээ гаргажээ. Тодорхой хэлбэл, өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар буюу 2022 оны тавдугаар сарын 7-ноос 2022 оны зургадугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ. Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм.
Яллагдагч Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар