БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нарын хамт НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч, уулзав.
Уулзалтаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэл болон цар хүрээний хувьд байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлууд өндөр хувь эзэлдэгт манай яам баяртай байдаг бөгөөд цаашид хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишратад илэрхийлэн, мөн хамтын ажиллагаанд хувь нэмэр, хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлсэн юм.
Мөн 2021 оны 3 дугаар сарын байдлаар НҮБ-ын ХХ-тэй 4 төсөл, НҮБ-ын ХХАБ-тай 3 төсөл НҮБ-ын БОХ-тэй 3 төсөл шууд хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлыг бууруулах хүрээнд бусад яам, агентлагуудын оролцоотой хэрэгжиж байна.
Цаашид Монгол Улсад суурин төлөөлөгчийн газар байхгүй бусад НҮБ-ын байгууллагуудыг нээж ажиллуулах хүсэлтэй байна гэсэн юм. Үүнд:
· НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм эдийн засгийн комисс, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага өнгөрсөн жилүүдэд гадаад болон дотоод орчны агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ус, ой, тусгай хамгаалалтын сүлжээ зэргээс гадна тогтвортой үйлдвэрлэл хэрэглээ, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, байгаль орчны засаглал чадавхыг бэхжүүлэх хүрээнд түлхүү төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд хамтдаа бодлого, стратегийн шатны уулзалтуудаа нэмэгдүүлэх нь зүйтэй.
· Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай 2023-2027 онуудад хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний үндсэн баримт бичгийн төслийг манай яам хүлээн авч, судлаж байна. Нэг НҮБ гэсэн утгаараа Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг салбарын хамгийн их хамтын ажиллагаатай ч, Монгол Улсад байдаггүй байгууллагуудын оролцоог хангах нь чухал байна. Иймээс суурин төлөөлөгчийн хувиар илүү анхаарч ажиллахыг хүслээ.
Үүнээс гадна усны нөөцийг зохистой ашиглах, газрын усны нөөц хомсдолтой говийн бүс нутагт хүн амын ундны усны эх үүсвэрийг шийдвэрлэх, хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөх чиглэлээр техникийн шийдэл болон санхүүгийн дэмжлэг хамтын ажиллагааг хөгжүүлэх,
Аялал жуулчлалын салбарыг байгаль орчинд ээлтэй, нөөц даацад тохирсон, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг нэмэгдүүлсэн, орон нутгийн иргэдийн амьжиргааг ингэхдээ хүүхэд залуучуудын оролцоог дэмжсэн байдлаар сайжруулах, аялал жуулчлалын стандарт, чанар, хүртээмжийг хангахад хамтран зэрэг асуудлыг хөндсөн юм.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайдын зүгээс Тапан Мишратад тавьсан саналуудыг ажил хэрэг болгох шатны уулзалтыг дахин товлохоор тохиролцлоо.