Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарт бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой шийдвэрүүдийг гаргав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдБОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан,Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар өнөөдөр аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлаар санал солилцож, гарц шийдлээ хэлэлцэв. Уулзалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадааддын 100 орчим аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцов.
Ковидын нөхцөл байдлаас улбаалан бүтэн хоёр жил тэг зогсолт хийж, хамгийн их эрсдэл хүлээсэн салбарын нэг бол аялал жуулчлалын салбар юм. Монгол улсын Засгийн газраас ковидын дараах эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын сэргэлт, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс олон улсад хилээ нээж байгаагаа албан ёсоор зарласан билээ.
Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нэн шаардлагатай таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг дурдвал, 1. Аялал жуулчлалын салбарыг дэмжих зээлийн хөтөлбөр 2. Голлох зах зээлийн орнуудын визийн хөнгөлөлт, чөлөөлөлт 3.”Монголд зочлох”аялал жуулчлалын жилийг зарлах4. Агаарын тээврийн либералчлал,5. Аялал жуулчлалын салбарыг дэмжиж өр, төлбөрийг хойшлуулах зэрэг юм.
Өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзсан уулзалтаар хамгийн их хөндөгдөж байсан асуудлуудаас дурдвал, - Агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлж, олон улсын тийзийн үнийг бууруулах, - Аж ахуй, нэгж байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх хөрөнгийн татварыг тодорхой хугацаагаар хойшлуулах,- Аялал жуулчлалын нэгдсэн бодлого,зохицуулалт- Хил орчмын аялал жуулчлалын нэгдсэн маршрут, хөгжүүлэлт- Дотоод нислэгийн хуваарь, үнэ өнөөдрийг болтол тодорхойгүй байна, - Хүний нөөцийн дутагдал, -Данс хаадаг тогтолцоог эргэж харах, - Жуулчдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг өрхийн эмнэлгээс эхлээд тодорхой болгох- Жуулчдад зориулсан PCR шинжилгээ, Вакцины үйлчилгээг сайжруулж, анхан шатанд нь тодорхой болгож өгөх, - Аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах, үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох зэрэг асуудлуудыг дотоод, гадаадын аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд ярьж байв.
Түүнээс гадна аялал жуулчлалын салбарын 20 жилийн өмнөх алдааг одоо яриад, шүүмжлэх бус салбараа богино хугацаанд хөгжүүлэхэд төр нь тодорхой шийдэлтэй, хувийн хэвшил нь бодит саналтай, ажил хэрэг болгодог чиглэлд анхаарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд ч уулзалтын үеэр дээрх хөндөгдсөн асуудлуудад бодит хариулт өгч, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдээс хөндсөн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын дансыг татвараа төлөөгүй гэдэг үндэслэлээр хааж буй асуудлыг зогсоож, 2022 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд энэ чиглэлийн байгууллагуудын дансыг дахин хаахгүй байх шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан гаргалаа.
УБ-Франкфурт чиглэлийн нислэгийн тоог олшруулж, европоос жуулчин татах зорилгоор одоо байгаа нислэгийн урсгалыг нэмэгдүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С. Мөнхнасанд, Гадаад улсын жуулчдад зориулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зохион байгуулалтыг шийдвэртэй алхам хийж, эрүүл мэндийн анхан шатны байгууллагаас ажлаа эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад, Хөвсгөлийн зам хаасан асуудлыг шийпвэрлэхийг БОАЖ-ын сайдад үүрэг болгов.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарт урт хугацааны төлөвлөлт үгүйлэгдэж байгааг Ерөнхий сайд уулзалтын үеэр дурдаад, Алсын хараа 2050-ийн хүрээнд эхний 10 жил шинэ сэргэлтийн жил болгож хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах жил гэж тодорхойлсон.Энэ хүрээнд орон нутгийг нисэхийг олон улсын болгох ажлыг холбогдох сайд яаралтай шийдвэрлэж, Монгол улсыг сайхнаар илэрхийлэх нүүдэлчин Монгол, эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулах чиглэлээр аялал жуулчлалын салбарынхантай хамтарч ажиллахыг Соёлын сайдад үүрэг болгов. Уулзалтын төгсгөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодит дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүх түвшинд дэмжиж ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.