Туул голын сав газрын захиргаа байгаль орчны зөрчил илрүүлэх, таслан зогсоох зорилготой хяналт шалгалтыг хотын төв орчмын хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулжээ. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон тус голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, “ДЦС-3”-ын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын хэсэг бүхий 32 га талбайд их хэмжээний хур хог үүссэнийг мэргэжилтнүүд шалгалтын явцад тогтоосон байна. Тэрчлэн Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг, Туул голын хамгаалалтын бүсэд барилгын хог хаягдлын цэг байгааг ч илрүүлжээ. Тэдгээр газарт байнга хог хаяж, байгаль орчин бохирдуулдаг иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцуулахаар тус газрын захиргаанаас нийслэлийн ЗДТГ, МХЕГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан ч өдий болтол ямар нэг арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй гэнэ. Тиймээс дараагийн шатны байгууллага болох БОАЖЯ-нд ханджээ. Голын хамгаалалтын бүсэд үүссэн хур хогийг цэвэрлэж, дахин бохирдуулахгүй байх нөхцөл бүрдүүлэн, байгалийн аясаар сэргэх боломж олгохын тулд тухайн бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцлах, зориулалтыг нь өөрчлөн амралт зугаалгын бүс болгож тохижуулах шаардлагатай гэсэн саналыг мэргэжилтнүүд гаргасан гэнэ.