Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр “Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Дөрвөн хүүхдийн аав, ээж Х.Янжингаажид, Т.Ганболд нар нь амьдралдаа цэг тавьж хоёр тийш болсон. Улмаар Х.Янжингаажид нь манай нөхөр гэрлэлтийн баталгаагаа улсын бүртгэлээс хасуулсан байна гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Шүүхээс тэдний гэрлэлтийн баталгааг хүчинтэй гэж үзсэнээр тэд өмч хөрөнгөө адил, тэгш хуваах нөхцөл бүрдэж буй.