Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн ойролцоо байрладаг, гэж олны нэрлэдэг хуучны байшингуудын нэгийг “Грэйт рөүд” ХХК нурааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Дуу чимээ их байна, тоос шороо дийлдэхээ байлаа. Хулгана, бясаа, жоом нүүдэллэж эхэлжээ. Ажил явагдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бутлахын өмнө чийглэх гэхчлэн стандарт баримтлах ёстой” гэж эргэн тойронд нь оршин суудаг иргэд ундууцах болов. Уг асуудлаар тус компанийн удирдлагад хандахад “Бид зарласан тендерт ном журмын дагуу оролцож, ялаад, ажил хийж байна. Бүхнийг хугацаандаа амжуулахын төлөө ажиллаж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тодруулахад “Грэйт рөүд” компани тэндхийн 26, 27 дугаар байрыг нурааж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх юм. Тендерт ялсан байгууллага. Захиалагчийг нь манайхыг гэж үзэж болно. 38 болон 24 айлтай хоёр байрны оршин суугчдын хүсэлтээр уг ажлыг гурвалсан гэрээний хүрээнд зохион байгуулж байна. Ер нь тэр хавийн долоон барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Тэдгээрийг дахин барилгажуулах эрхийг нэр бүхий компаниуд аваад буй.
Тухайлбал, 31, 33 дугаар байрыг “Материал импэкс” ХХК хариуцна. Тэдний ажил зураг, төслийн шатанд яваа болов уу. Компаниуд барилга буулгахдаа аюулгүй байдлын стандарт, журмыг баримтлах нь зүйтэй. Харин хулгана, жоом, бясаатай холбоотой асуудлаар бол мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, хоргүйжүүлэх арга хэмжээ авхуулах хэрэгтэй” гэлээ. Есөн шар барилгыг дараалан буулгах нь Улаанбаатар хотын тухайд нүсэрт тооцогдох ажил юм байна. Өмнө нь нэг, хоёр давхар барилгыг л нурааж, ачиж цэвэрлэж байсан түүхтэй аж. Тиймээс аль аль талдаа туршлагагүйтэх магадлал бий гэж ойлгогдохоор байна.
Бэлтгэсэн Р.Жаргал