Дэлхийн сүүлчийн хялганат талын төлөөлөл гэгддэг Дагуурын бүс, ойт хээрийн онцлог шинжийг он цагийн уртад хадгалан үлдсэн Их Хянганы нурууны давхцал бүхий хосгүй үнэ цэнтэй экосистем хэдхэн хоногийн дотор үнсэн товрог болж хувирлаа. Дахин давтагдашгүй өвөрмөц тогтоц, биологийн баялаг нөөц, байгалийн унаган төрхийг нь хамгаалах зорилгоор 27 жилийн өмнө дархан цаазат газар болгон “тамгалсан” 587 мянган га талбайн 60 орчим хувь нь улаан галд хуйхлагдав. Ховор амьтан, ургамлаар баялаг Их Хянганы нурууны салбар уулс, Дагуурын бүс нутаг нүцгэрч, нүд халтирам дүр зурагтай болжээ. Галд өртөж амь тавьсан, аюулаас зугтаж дайжсан амьтдыг бүртгэх, байршлыг нь тодорхойлох амаргүй ажилтай нүүр тулсан байгаль хамгаалагчид “Өдийд ихэнх амьтан хээлтэй байдаг үе юм сан...” хэмээн халаглаж байна.
Тухайн бүс нутагт байгаль хамгааллын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн судлаачид “Олон жилийн хүч хөдөлмөр үгүй боллоо” гэж харамсаж байна. Юутай эмгэнэлтэй вэ.
Эл түймэр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн нутаг, Ац холбоо гэдэг газраас эхэлж, 128 орчим км үргэлжлэн, 350 мянга гаруй га талбайг хамарчээ. ОБЕГ-аас мэдээлэхдээ “Хээрийн түймрийн дуудлага анх дөрөвдүгээр сарын 18-нд ирсэн. Дорнод аймаг болон Халхгол сум дахь онцгой байдлын алба хаагчид, дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтран ажиллаж, түймрийг дөрөвдүгээр сарын 21-нд цурманд оруулсан” гэсэн. Энэхүү мэдээлэл нь аюул намжсан гэдэг мессежийг олон нийтэд өгч, тайвшруулсан юм. Гэвч бодит байдалд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг уржигдар л бүрэн унтраажээ. Орон нутгийн эх сурвалж “Ойрын өдрүүдэд салхи ихтэй байсан нь түймрийг хяналтдаа авахад саад учрууллаа. 26-ны шөнө багахан бороо орсон тулдаа өнөө өглөө (уржигдар) 08.00 цагт бүрэн унтрааж, дууссан” хэмээн мэдээлсэн. Хянганы экосистем, Дагуурын бүс нутаг бүхий Дорнод Монголын талд хээрийн түймрийн гал есөн өдөр дүрэлзэж, үнэлшгүй хэмжээний хохирол учруулаад байна.
БУРУУТАН НЬ ХЭН БЭ
Түймэр юунаас болж гарав. Үүнд хэн буруутай вэ. Дархан цаазат газарт дураар зугаалагсад уу, бугын цусан эвэр, хуш модны самар түүгчид үү. Эсвэл зам зуурт саатсан явуулын хүмүүс үү. Үүнийг тодруулахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газарт хандлаа. “Түймрийн шалтгааныг тогтоох шалгалт ид үргэлжилж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор тодорхой зүйл үгүй” гэлээ.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбогдуулан холбогдох байгууллагуудаас ажлын хоёр хэсэг томилоод байна. Нэг нь түймрийн нөхцөл шалтгааныг тодруулах, нөгөөх нь бодит хохирлын хэмжээг тогтоох. Аль аль ажлын хэсэг нь тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзав.
Харин тухайн хэсгийг хариуцдаг хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чинбат “Манай газар ойт хээр болон хуурай хээрийн унаган төрхийг цогцлоосон хосгүй нутаг. Энэ хэвээр нь байлгах гэж байгаль хамгаалагчид чадлынхаа хэрээр зүтгэж ирсэн. Нөмрөгийн дархан цаазат газарт 2006, 2007 онд их хэмжээний талбайг хамарсан түймэр дэгдсэн. Түүнээс хойш харьцангуй тайван байлаа. 2021 онд хоёр хэсэг газарт аянганаас үүдэлтэй түймэр гарсан ч хугацаа алдалгүй арга хэмжээ авч, тэр дор нь унтраасан. Түймэр гарсан эхний өдрүүдэд буюу энэ сарын 18, 19-нд манай аймгийн нийт нутгаар шуургатай, зарим бүсэд салхины хурд секундэд 18 метрт хүрсэн нь дайран дээр давс нэмсэн явдал боллоо.
Хянганы салбар уулсад Монголд төдийгүй дэлхийд ховор Уссурын болон Хар мөрний хандгай, голын халиу, дагуур зараа, халиун буга, зэгсний гахай зэрэг амьтан нутагладаг. Нөмрөг, Халхголын сав газарт бүртгэгдсэн 263 зүйл шувууны дийлэнх нь энд өндөглөн зусдаг байв. Нэн ховор амьтны жагсаалтад багтсан 13 зүйл жигүүртний тав нь мөн нутаглаж байсан. Харамсалтай нь, энэ түймэрт олон ан амьтан, жижиг шувуу өртлөө. Хүчтэй салхинд туугдсан 10-40 км өргөнтэй түймрийн хомрогонд шувууд нүд ирмэхийн зуурт автдаг юм билээ. Галаас зугтаж, амьд үлдсэн хөхтөн амьтад Нөмрөгийн голын зүүн талд төвлөрсөн байдал ажиглагдлаа. Мэргэжилтнүүд хорогдсон болон амьд үлдсэн амьтдын байршил тодорхойлж, экологи, эдийн засгийн үнэлгээ хийхээр газар дээр нь ажиллаж байна” хэмээн ярилаа.
Түймэр анх гарсан гэгдэх Ац холбоо гэдэг газраас холгүй хилийн застав байдаг аж. Тэндхийн хогийн цэгээс энэ бүх аюул эхэлсэн байж болзошгүй гэсэн таамаг нутгийн иргэдийн дунд тархжээ.
ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДАД ХҮЧ СЭЛБЭЕ
Онцгой ач холбогдол бүхий, үнэ цэнтэй газруудыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазтай гэсэн “пайз” зүүж, хэдхэн байгаль хамгаалагч томилоод л болчихдоггүйг энэ удаагийн явдал тод харууллаа. Түймрийн дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн үед, түүний өмнөх өдрүүдэд ч хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлд гарч, болзошгүй эрсдэлээс сэргийлж байж. Харамсалтай нь, тэд зөв цагт хэрэгтэй газарт байж чадсангүй. 587 мянган га газрыг есхөн байгаль хамгаалагч “овоо хараа”-ндаа байлгаж, нэгд нэгэнгүй шалгах боломжгүй учраас ийм аюул нүүрлэжээ. Зөвхөн Нөмрөг гэлтгүй бусад дархан цаазат газарт ч яг ийм байгаа.
Дархан цаазат газрыг жинхэнээсээ хамгаалъя, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулъя, хүний нөлөөнөөс хол байлгая, ийм хэмжээний аюул тохиохоос сэргийлье гэвэл хамгаалалтын захиргаадыг хүн хүчээр сэлбэж, техник хэрэгслийнх нь хангамжийг сайжруулах хэрэгтэй. Ядаж хуурайшилт, түймрийн эрсдэлтэй үеүдэд хүч нэмэх шаардлагатай. Засгийн газар, БОАЖЯ энэ чиглэлээр дорвитой ажлууд хийх шаардлага тулгараад байна. Тэгж эс чадваас үнэ цэнтэй газруудаа түймэрт хуйхлаад дуусгах нь. Тэрбум мод тариад ч дэлхийд үнэлэгдэх ажил болохгүй нь.
Дэлхийн дулаарал эрчимжихийн хэрээр хатуу, ширүүн уур амьсгалтай манай оронд байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, хуурайшилт эрчимжин, түймрийн давтамж ойртож, ган, зудын эрсдэл нэмэгдсэн. Үүнийг цаг уурын байгууллагын судалгаа, тайлан баталсаар буй. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ ашиглан 2015 оноос гаргаж эхэлсэн ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хуурайшилтын зэрэглэлийн зургаас харахад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан аймаг хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна. Наанадаж эдгээр аймагт урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамгаалалтын захиргаадыг чадавхжуулах арга хэмжээ авсан бол Нөмрөгийн экосистем ийнхүү галд автаж, доройтохгүй байлаа. Яг одоогийн байдлаар гэхэд тус аймгийн Дашбалбар, Баяндунаас бусад сум түймрийн эрсдэл их буюу нэн аюултай түвшинд байна. Тэгэхээр холбогдох байгууллагынхан цаашид ч сонор сэрэмжтэй байх шаардлага тулгарлаа.
ОНЦГОЙГИЙНХОН ОДОО Ч “НҮЦГЭН” ХЭВЭЭР
Нөмрөгийн дархан цаазат газрыг түймэр нөмөрсөн өдрүүдэд бас нэг зүйл анхаарал татсан нь онцгой байдлын алба хаагчдын нөхцөл байдал. Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах, аврах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус газрын алба хаагчдын хувцас, техник хэрэгслийн хангамж өнөөдөр ч тулгамдсан асуудал хэвээр байна. Залуус улалзах галтай улаан гараараа тулалдах шахам тэмцэлдсээр Нөмрөгийн түймрийг есөн хоногт намжаалаа.
“Савхин бээлий удаан өмссөнөөс гар түлэгдээд, устчихаж”, “100 км газрыг явганаар тууллаа”, “Туулах чадвар сайтай машин л хэрэгтэй байна” гэх тэдний яриа, дүр төрх өр өвтгөж, зүрх зүслээ. “Бэлэн гоймон цүнхлээд, салсан гутлаа төмөр утсаар бэхлэн түймрийн дуудлагад явдаг алба хаагчдын байдал одоо ч өөрчлөгдөөгүй” хэмээн олон хүн энэ өдрүүдэд сэтгэл эмзэглэн харууслаа.
Түймрийн өндөр эрсдэлтэйд тооцогддог учир Дорнод аймгийн Онцгой байдлын газрын харьяанд, Халхгол сумд Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийг 2018 онд байгуулсан. Өдгөө тус анги 30 гаруй алба хаагчтай, түймэр унтраах 10-аад аппарат (үүрэх зориулалттай үлээгч төхөөрөмж)-тай. Тэдгээр нь бүгд гар ажиллагаатай учраас алба хаагчид хэдэн арван км-ийг хоёр зээрдээрээ туулж, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр улаан гал сөрдөг аж. Тэд үүнийгээ нуулгүй, үнэнээр нь хэлж байна билээ.
Дарга, удирдлагууд нь болж бүтэж буй мэт сайн сайхан зүйл ярьж, биеэ хаацайлдаг, ажлын хүнд хэцүүг гардан гүйцэтгэсэн мэт дүр эсгэсээр тушаал дэвшдэг, албан хаагчид нь хүнд бэрхийг биеэрээ амсаж, эрүүл мэнд, амиараа хохирдог байдал онцгойгийнхныг олон жил “онцгойруулж” байна. Нөмрөгт дэгдсэн хээрийн түймэр ч үүнийг харууллаа. Гамшгийн эрсдэл жилээс жилд нэмэгдэж буй энэ цаг үед Засгийн газар нохой нүцгэн, гахай явган алба хаагчдаа “хувцаслаж”, техник хэрэгслээр хангахгүй бол энэ байтугай газрыг түймэрт “тавьж туух нь”. Хэрэв орон нутаг дахь онцгой байдлынхан өндөр хүчин чадалтай, зориулалтын техник хэрэгсэлтэй, хүн хүчний хангалттай нөөцтэй, хувцас хэрэглэлтэй байсан бол Дорнод Монголын тал ийнхүү үнсэн товрог болохгүй байж мэднэ. Хүч тэнцвэргүй тулаан гэдэг энэ буюу.