Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд гурван айлын 2,100 ам.метр орчим газрыг чөлөөлж, долоон айлын жишиг хотхоныг өнөөдөр ашиглалтад оруулсан байна. Уг төслийг Нийслэлийн Орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран хэрэгжүүлжээ.
Уг орон сууцны гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтайгаас гадна нарны илчийг өөртөө шингээн халаах технологитой учраас эрчим хүч хэмнэх давуу талтай. Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэ жилийн хувьд 10 мянган айлын ногоон орон сууц барих төсөл хэрэгжиж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хэсгүүдэд ногоон орон сууцнууд барих юм байна. Төслийн хүрээнд иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 170 сая төгрөг хүртэлх Ногоон орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж.
Төслийн гүйцэтгэгч “Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй болсон. Иргэд урьдчилгаа 10 хувийг төлөөд, Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийг суутгуулна. Ингэснээр үлдэгдэл 52 сая төгрөгийг ногоон зээлд хамрагдан сард дунджаар 490-630 мянган төгрөг төлж, таун хаустай болох боломжийг бүрдүүлсэн. Энгийнээр тайлбарлавал жилд төлдөг халаалт, түлшний зардалтай дүйцэхүйц төсвөөр байраа өмчлөх боломжтой гэсэн үг” гэв.
Тус жишиг хаус нь -40 хэм хүртэлх хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих технологийн шийдлийг ашиглажээ.