Дэлхийн зэрлэг ан амьтныг хамгаалах төслийн хүрээнд Богдхан ууланд гурван жилийн хугацаатай судалгаа хийхээр болжээ. Эл төслийн төлөөлөгч, Вайомингын их сургуулийн байгаль орчин, байгалийн нөөц судлалын Хауб Сургуулийн Профессор Жон Л.Копровскитой цөөн хором ярилцлаа.
-Манай улсад анх удаа ирж байна уу?
-2006 онд анх Монголд ирж, сурагчдад Говийн их дархан цаазат газрын /ГИДЦГ/ “А” бүсийн зэрлэг амьтныг хамгаалах талаар 21 хоног хичээл зааж байсан. Одоо Богдхан уулын зэрлэг амьтдын судалгааг хийхээр ирлээ. Манай судалгааны багт Монгол Улсаас Т.Одбаяр доктор ажиллаж байна.
-Та гурав хоног манай улсын говиор аялсан. Хэр санагдав.
-Миний хувьд Монгол орон цэлмэг тэнгэртэй, өргөн уудам тал нутагтай, уул, ус, говь цөл зэрэг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй мөртлөө хүн суурьшаагүй газар олон байдаг нь үнэхээр гайхалтай санагддаг. Говиор явж, үнэхээр гайхалтай туршлага хуримтлууллаа.
-Монголд ирж судалгаа хийх болсон шалтгаан тань юу вэ?
-Дэлхийн бүх улсын экосистем хоорондоо холбоотой. Тиймээс экологийн асуудлыг тухайн орон дангаараа бус, олон улсын судлаачид хамтарвал илүү үр дүнтэй.
Монгол оронд Богдхан, Хустайн, ГИДЦГ зэрэг үзэсгэлэнтэй дархан цаазат газар олон бий. Эл өргөн, уудам газар нутагт судлах зүйл их байна. Тиймээс 3-4 жилийн хугацаанд Монгол, АНУ зэрэг олон улсын судлаачид хамтарч эл газарт судалгаа хийхээр боллоо. Энэ хугацаанд тус газрын чоно, хэрэмний тоо толгой зэргийг судална.
-Эл төслийг Монгол, АНУ хоорондын гэрээгээр хэрэгжүүлж буй гэсэн үү.
-Тиймээ. Монгол талыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн төлөөлж буй. Монголын газар нутгийн 20 хувь нь дархан цаазат газар. Танай улсын засгийн газраас 2025 он гэхэд дархан газрынхаа хэмжээг 30 хувьд хүргэнэ гэх зорилт тавьсан.
АНУ-д “Yellowstone National park” зэрэг 150 жилийн түүхтэй том дархан газар олон бий. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газар 250 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тэгэхээр Богдхан дэлхийд хамгийн удаан оршиж буй дархан цаазат газар гэхэд хилсдэхгүй. Монголчуудаас цаашид ч өргөн уудам газар нутгаа хамгаалж, дэлхийд үлгэр дуурайлал үзүүлээрэй гэж хүсье. Мөн эдгээр газар нутгийг хамгаалж буй хүмүүсийн ажиллах орчин, хангамж зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй шүү.
-Манай улсын амьтан, ургамлын мэдээллийн суурь бааз хэр байна?
-Судалгааны ажил дөнгөж л эхлэх гэж байна. Бүх зүйл цаг хугацааны аясаар хувьсан, өөрчлөгдөх учир бидний хийж чадах зүйл бол байнга ажиглаж, мэдээлэл цуглуулах юм. Судалгаа дуусахаар дүгнэлтээ хэлье.