Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Болормаад холбогдох нийтийн албан тушаалаа урвуулсан ашигласан хэргийг хянан хэлэлцлээ. Д.Болормаа нь Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа төрсөн дүүгийнхээ нөхөр, хүүгийнхээ эхнэр болон бусдад давуу байдал олгожээ. Тодруулбал, тус цэцэрлэгт бараа материал болон үндсэн хөрөнгө худалдаж авахдаа, өөрийн төрсөн дүүгийн нөхрийн эзэмшлийн ....ХХК-иас 18 нэр төрлийн 130 ширхэг бараа материал худалдан авч, 2019 оны есдүгээр сарын 25-наас 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хооронд тус компаний данс руу 14,355,500 төгрөг шилжүүлсэн байна.
Мөн төрсөн хүүгийн эхнэрийн эзэмшлийн ... ХХК-иас 23 нэр төрлийн 98 ширхэг бараа материал худалдан авч 2019 оны гуравдугаар сарын 4-нөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хооронд тус компаний данс руу 10,358,600 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс гадна бараа материал, үндсэн хөрөнгө нийлүүлж байгаагүй хүний данс руу 3 нэр төрлийн 432 ширхэг бараа материалын үнэ болох 11,055,000 төгрөгийг шилжүүлж, нийт 35,769,100 төгрөгийн эдийн засгийн давуу байдлыг хамаарал бүхий этгээдүүддээ олгосон аж.
Шүүхээс түүнийг Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.
Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасны дагуу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлалаа.