Өмгөөлөгч Ц.Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулахаар гаргасан “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхны гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүд өчигдөр 13.30 цагаас эхлэн хэлэлцлээ. Өмнө нь тус хорооныхон уг гомдлыг нэг бус удаа хэлэлцэхээр товлосон боловч шүүгч нар элдэв шалтаг хэлэхээс гадна бүрэлдэхүүнд багтсан Сахилгын хорооны гишүүдээс татгалзах зэргээр хойшлуулсаар байсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг ёс зүйгээ зөрчсөн хэмээн гомдол гаргаснаар сахилгын хэрэг нээгээд буй. Тодруулбал, өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан гэж “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийнхэн өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гомдол мэдүүлсэн юм. Эл зургаан шүүгчид нээсэн сахилгын хэргийг Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалан Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нарын бүрэлдэхүүн О.Номуулингийн илтгэснээр хэлэлцлээ. Манай сонины дугаар шилжих мөчид Сахилгын хорооны гишүүд шийдвэрээ гаргаагүй байв.