Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүний гарын үсэг, тамга, тэмдэг, албан бичгийг хуурамчаар үйлдэн, Монголын аж ахуйн нэгжийг 21.3 сая төгрөгөөр хохироосон гэм буруутай нь тогтоогдсон америк эрд ял ногдуулах шүүх хурал өнгөрсөн даваа гарагт боллоо. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх АНУ-ын иргэн, 65 настай, Тэрри Ли Нэнси (Terry Lee Nance)-д холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хохирол, төлбөрөө барагдуулахаар тав хоногийн завсарлага авах хүсэлтийн дагуу энэ сарын 25 хүртэл завсарласан.
Улмаар шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаан зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд зорчих эрхийг нь нэг жил зургаан сарын хугацаагаар хязгаарлах ял ногдуулаад зогсохгүй гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн байна. Тэрбээр АНУ дахь Би Би энд Ти” (BB&T) гэх хөрөнгө оруулалтын компаниас 200 сая ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн итгэл төрүүлж манай улсын “Буха интернэйшнл” хэмээх газар тариалан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлийн компанийн эрх бүхий албан тушаалтнаас 7500 ам.доллар буюу 21.3 сая гаруй төгрөг залилсан нь тогтоогдсон юм.