ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотоос Улаанбаатар луу зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын автомашин энэ сарын 21-ний 05.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагийн нутаг, Баянголын гүүрний орчимд осолдож, түүнд сууж явсан хүмүүсийг ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэргээр нийслэлд авчирсан билээ. Энэ өдөр Буянт-Ухаа дахь нисэх буудлаас дээрх ангийн нисдэг тэргээс гадна зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг хөөрч Төв аймгийн Заамар сумын нутаг дахь алтны уурхайд осолд өртсөн иргэнийг нийслэлд авчирсан аж.
Хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр Заамар сумын III багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илтгоулд” ХХК-ийн олборлолтын талбайд энэ сарын 21-ний 06.00 цагийн үед “Хово-370” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн машинтайгаа унаж хүнд гэмтжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумд оршин суудаг 51 настай Т уг тээврийн хэрэгслийг ухрааж байгаад 40 метр өндөр шороон далан дээрээс унасан гэнэ. Өдгөө энэ хэргийг Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж буй юм. “Илтгоулд” компани нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын үеэл эгч Б.Байгалмаа гэх хүний эзэмшлийнх бөгөөд хувьцаа эзэмшигчээр нь Эрдэнэбатын Заяа, Цийлаагийн Цогтсайхан нар бүртгэлтэй байдаг. Тус компани нь Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгж бөгөөд АТГ-ынхан холбогдох хүмүүсийг нь шалгаж буй гэх мэдээлэл бий.
Урин дулаан болж, барилга, уул уурхайн үйл ажиллагаа эрчимждэг үе эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн осол ч нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногт “Илтгоулд” компанид болсон дээрх ослоос гадна МАК-ын блокны үйлдвэрт ажилчин нь хүнд гэмтсэн байна. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн блокны үйлдвэрт 31 настай Б.Б гэх ажилчин нь блок өргөгч механизм болон зөөгч тэргэнцрийн хооронд хавчуулагдаж, хүнд гэмтжээ. ГССҮТ-ийн эмч нарын мэдээлснээр тухайн ажилчин ухаангүй хүргүүлж ирснийг Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ. Тэрбээр МАК-ын блокны үйлдвэрт засварчнаар ажилладаг нэгэн аж.