“3.3 сая хүн амтай тус улсад хоточ нохойтой 220-250 мянган өрх бий. Мөн 300 гаруй мянган муур, нохой гудамжинд тэнүүчлэн амьдарч байна. Улаанбаатар хотын гудамж дахь эзэнгүй амьтад маргаашийн нарыг харахын тулд хамгийн харгис хатуу хувь тавилантай нүүр тулдаг. Хоол хүнсний хаягдал эрж, хатуу ширүүн уур амьсгалаас бултан, хоргодох газар хайхын зэрэгцээ тэднийг хайр найргүй устгадаг буутай эрх баригчдаас зугтах шаардлагатай болдог. Энэ хотод жил бүр 90-100 мянган золбин нохой, муурыг буудаж хөнөөдөг. Нэгийг нь ийм аргаар устгахад 4-5 ам.доллар төсөвлөдөг бөгөөд жилд дунджаар 420-450 мянган ам.доллар (1.5-1.8 их наяд төгрөг) зарцуулдаг. Монгол оронд эзэнгүй, тэнэмэл амьтдын асуудал харьцангуй богино түүхтэй боловч сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс олширсон нь цөөн хүн амтай Улаанбаатар хотын хувьд түгшүүр болоод байна. Энэ асуудлыг ул сууриар нь шийдэхийн тулд хуулийн зохицуулалт хэрэгтэй. Тиймээс амьтны эрх хамгаалах хууль батлахыг Монголын эрх баригчид, албан тушаалтнуудаас шаардах нь зүйн хэрэг”.
1983 оноос хойш амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, 250 мянга гаруй дэмжигчтэй, олон улсын нөлөө бүхий байгууллага болох “In defense of animals” хэдхэн сарын өмнө цахим хуудсандаа ийнхүү нийтэлж байв. Хэн дуртай нь нохой, муур тэжээдэг, түүнийгээ хүссэн үедээ хаядаг хяналтгүй, замбараагүй тогтолцоотой, төр, засаг нь эзэнгүй амьтад руугаа буу чиглүүлэхээс өөр зүйл хийдэггүй ужгирсан байдлыг өөрчлөх шаардлагатайг тус нийтлэлээр хөндсөн юм. Үндсэндээ уг асуудал Монголоос хальж, олон улсын байгууллагынхны анхааралд өртсөний дохио нь энэ байлаа. Тэгвэл манай улс дотооддоо үүнд хэрхэн анхаарал хандуулж байна вэ. Нохой, муурыг буудаж хөнөөдөг хүмүүнлэг бус, балмад аргаас татгалзаж, дэлхий нийтийн жишгийг дагах “эрмэлзэл” монголчуудад бий болов уу.
Гэрийн тэжээвэр амьтны асуудал хариуцсан тусгай газар, агентлаг манай улсад одоо хэр нь байхгүй. Бэртэж, гэмтсэн муур, нохой оллоо гэхэд түр байлгах зориулалтын газар үгүй, хүлээж авах эмнэлэг ч олддоггүй. Ийм тохиолдолд иргэд олон нийтийн сүлжээнд зар түгээж, хэн нэгэн сайхан сэтгэлтнээс хандив, тусламж хүсэх нь элбэг. Харин нохой, муур устгах “чухал” ажлыг орон нутагт засаг захиргааны байгууллага, нийслэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцаад цөөнгүй жил болж байна. Өдгөө гэхэд тус албаны Байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах хэлтэс нохой устгал хариуцаж буй. Монгол Улс гэрийн тэжээвэр, эзэнгүй амьтдад хэр харгис, хүйтэн хөндий ханддаг нь энэ ганц жишээнээс тод харагдана. Эрхийг нь хамгаалдаг алба, агентлаггүй мөртлөө устгал хариуцдаг тусгай хэлтэстэй, тэр нь бүр хог хаягдлынх байх жишээтэй.
Нохой, муурыг устгахаас өөр ямар аргаар тоо толгойг нь хязгаарлах боломжтой, үүнд хэрхэн анхаарч байгаа талаар тус хэлтсийн дарга М.Чинсанаагаас тодрууллаа. Тэрбээр “Амьтны тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон “Азтай савар” зэрэг холбогдох байгууллагын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, амьтан тэжээдэг хүмүүст үүрэг, хариуцлага хүлээлгэх, энэ төрлийн бизнесийн үйл ажиллагааг хянах боломж бүрдэнэ. Тэрчлэн дүүрэг, хороодын Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудын үүрэг, оролцоог тодорхойлно.
Гэрийн тэжээвэр амьтны эрх хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, бодлогын баримт бичиг баталлаа ч устгалын ажлыг хэсэгтээ зохион байгуулна. Хотын зах, ялангуяа Богдхан уул орчимд зэрлэгшсэн нохой олон бий. Тэд сүрэглэн явж, ан гөрөө хийдэг, ууланд алхагчид руу дайрдаг. Хичээл сургуульдаа явж буй хүүхдүүдийг хөөх, хазах тохиолдол түгээмэл. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш нохойд хазуулсантай холбоотой гомдол, мэдээлэл манай байгууллагад өчнөөн ирсэн. Ийм нохдыг нэгбүрчлэн барьж засах, үржил зогсоох мэс ажиллавар хийх боломжгүй. Баригдах ч үгүй. Үүний эсрэг авах тохиромжтой арга хэмжээ яг одоогоор устгалаас өөр алга. Амьтан устгах тийм ч сайхан ажил биш. Гэхдээ төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, амь насыг нь хамгаалах ёстой. Эзэнгүй амьтан олшрохоос сэргийлэх чиглэлээр урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь бүртгэлжүүлэх” хэмээн ярилаа.
“Азтай савар”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” төрийн бус байгууллагынхан гэрийн тэжээвэр амьтны эрх хамгаалах хуулийн төсөл боловсруулан, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийж буй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэдэнтэй хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл үүнд нийслэл мөн оролцоотой аж. Шинэ хууль батлах бус, өмнөхөд нь нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар асуудлыг шийдэх болсныг М.Чинсанаа хэлэв. Энэ нь ажил хэрэг болбол манай улсын Амьтны тухай хууль жинхэнэ утгаараа амьтанд ээлтэй, хүртээмжтэй эрх зүйн баримт бичиг болох нь. Гагцхүү тэр цаг хэзээ вэ гэдэг нь, нохой, муур устгахтай холбоотой үйл ажиллагааг хуульд хэрхэн тусгах, хэдийнээс уг хоцрогдсон аргыг бүрмөсөн таягдан хаях нь анхаарал татаж байна. Дээрх хоёр байгууллагынхан нийслэл нохой устгах ажилд жил бүр их хэмжээний мөнгө зарцуулж, үр ашиггүй зардал гаргаж байгааг эсэргүүцэн ийм хуулийн төсөл санаачилсан. Асуудлыг гал унтраах байдлаар бус, үндэс сууриар нь шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Харин дээрх даргын ярианаас харахад, хууль баталсан ч нохой устгах ажиллагаа үргэлжлэх нь.
Эзэнгүй амьтдын эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нийслэл өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай, дорвитой ажилласан уу гэвэл үгүй. Уг нь байгаль орчин талаасаа ч, амьтны эрхийг бодсон ч БОАЖЯ, эс бөгөөс нийслэлийн Байгаль орчны газар эл асуудлыг хариуцаж, бодлогын хэмжээнд зангидах нь зүйтэй баймаар. Амьтан хамгааллын асуудал хариуцсан бодлогын гол байгууллагын хувьд яам үүнд тодорхой хэмжээнд санаа тавих ёстой. Харамсалтай нь, тэд “Амьтны тухай болон байгаль хамгаалах бусад хуульд гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой асуудал тусгагдаагүй” хэмээн үүнийг өөрсдөөсөө холдуулсаар өнөөдрийг хүрсэн. Дээрх олон улсын байгууллагын нийтлэлтэй холбогдуулан БОАЖЯ-нд өнгөрсөн оны сүүлчээр хандахад “Золбин нохой, муурын асуудал нийслэлд хамаатай. Манайх хариуцна гэсэн журам байхгүй” гэж ам тагласан. Эл асуудлаар ярилцах, байр сууриа илэрхийлэх мэргэжилтэн хайгаад хайгаад олдоогүй юм. Харин үүнээс хойш томилогдсон шинэ удирдлагууд энэ асуудалд анхаарч эхэлжээ. Анхаарахаас ч аргагүй нөхцөл байдал үүссэн учраас тэр биз.
Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтад нохойд бариулах тохиолдол сүүлийн жилүүдэд олширсон. Туул голын эхээс хотын төвд ирж идээшсэн минж нохдод бариулж, үхсэн харамсалтай явдал саяхан болсон. Үүнээс үндэслээд БОАЖЯ хотын ногоон бүсийн ан амьтдыг хамгаалах, эзэнгүй нохдын асуудлыг цэгцлэх чиглэлд анхаарч, судалгаа хийж эхэлжээ. Өмнө нь нийслэлийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсны хувиар Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга үүнд гойд анхаарч байгаа гэх. Тэрбээр “Хот, суурин газрын хувьд голын шугуй, уулын модонд сүрэглэсэн ноход зэрлэг амьтдын хорогдолд бодитоор нөлөөлөх боллоо. Гэрийн тэжээвэр амьтдын өсөлтийг хязгаарлах, худалдааг бүртгэлжүүлэх, тэжээгчийн үүргийг тодорхой болгох зэрэг хүмүүнлэг шийдлээс хуваалцаарай” хэмээн байгаль орчны салбарынхныг уриалжээ. “Бидний хариуцах асуудал” биш хэмээн тас гэдийсээр ирсэн БОАЖЯ одоо л хөрсөн дээрээ буух нь. Амьтны тухай хуульд тэжээвэр амьтадтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулбал эзэнгүй, зэрлэг гэгдэж ад үзэгдсээр ирсэн амьтдын асуудал эзэнтэй болох нь, ашгүй.