“Степ голд” компани “Алтан Цагаан Овоо” төслийнхөө талбайд өнгөрсөн оны эцсээр хийсэн хайгуулын үр дүнгээ танилцууллаа. Уг судалгаагаар уурхайн талбайд агуулга өндөртэй цайр болон хар тугалганы илэрц олдсон байна. Тус компани цаашид хайгуулын ажлаа үргэлжлүүлэн ойрын саруудад өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. Ийнхүү цайр, хар тугалганы агуулга сайтай огтлолцлуудыг илрүүлснээр дээрх төслийг өргөжүүлэн, хоёрдугаар шатыг нь хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болохыг “Степ голд”-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Т.Батаа дурдав.
Тус компани Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт алт, холимог металл олборлодог. Өдгөө тэнд 400 гаруй хүн ажиллаж буйгаас 75 хувь нь орон нутгийнхан аж. Цаашид уурхайн бүсээс олон төрлийн ашигт малтмал олборлон, үйл ажиллагаагаа өргөжүүлбэл ажлын байрны тоог 300 орчмоор өсгөх тооцоо ч гарчээ. Сонирхуулахад, Лондоны металлын биржид цайрын ханш өнгөрсөн гуравдугаар сарын эхээр түүхэн дээд түвшин буюу тонн нь 4896 ам.долларт хүрснийг “Reuters” дамжуулж байв. Үүнээс өмнө дээрх дүн 2006 онд 4580 “ногоон”-д хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байжээ. Өчигдрийн байдлаар тонн цайрын ханш 4278.75 ам.доллартой тэнцэв. Манай улсын хувьд “Цайрт минерал” компани уг металлыг олборлодог бөгөөд энэ онд 134 000 тонныг экспортлохоор төлөвлөснөөс одоогоор 35 200 тонныг нь нийлүүлсэн байна.