Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.
Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал, загвар зураг боловсруулах уралдааны тэргүүн байранд шалгарсан бүтээлээр тохижилтын ажлыг хийх юм.
Бүтээн байгуулалтын ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах, эрх олгох үйл ажиллагааны шатанд явж байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.